Monday, November 28, 2016

Хятадын зээл: Үлгэр үү? эсвэл

Төсөв санхүү хүндэрч, зээл төлөх хугацаа өнөө маргааш тулж ирсэн өнөө үед мөнгө хэрхэн олж тулгамдсан асуудлаа шийдвэрлэх вэ гэдэг шийдвэр гаргагчдын хувьд хамгийн толгой өвтгөсөн асуудал болоод байна. Үндсэндээ 2 хувилбар хамгийн их яригдаж байгаагаас эхнийх нь ОУВС-ын Стэндбай хөтөлбөрт хамрагдах, дараагийх нь Хятадын хөнгөлөлттэй зээл. Эдгээр асуудлууд дээр зээлийн зэрэглэл буурах, Далай ламын айлчлал зэрэг асуудлууд нэмэгдээд ирэхээр хүн бүр ойлгоход бэрхтэй асуудал болон хувирч байна.

Уншихад хялбар болгох үүднээс гадаад болон мэргэжлийн нэр томьёог бидний байнга авдаг банк, санхүүгийн үйлчилгээтэй жишиж тайлбарлаад дараа нь үндсэн сэдэв рүү ороё гэж бодлоо.  

Стэндбай, дотоод гадаад бонд, своп гэрээ – ихэнхдээ бэлэн мөнгө зээлэхэд ашигладаг арга хэрэгсэл бөгөөд биднийхээр бол цалингийн, тэтгэврийн, орон сууц засварын зээлтэй шууд дүйцэх юм. Банкны зүгээс таны цалин, ажлын байраа хэр удаан хадгалах зэргийг эхний ээлжинд авч үздэг бол ЗГ-ийн хувьд төсөв, зээлжих зэрэглэл гол үзүүлэлт болдог.

Хөнгөлөлттэй зээл: Аль ч донор байгууллагууд, баян орны засгийн газрууд ийм төрлийн зээлийг 20 иос дээш жилийн хугацаатай, 2 орчим %-ийн хүүтэй л санал болгодог. Орон сууц, автомашин, цахилгаан бараа, тоног төхөөрөмжийн лизингийн зээл гээд шууд ойлгочиход болно. Таньд хэрэгтэй зүйлийг өгнө гэхдээ бэлэн мөнгө өгөхгүй гэсэн үг. Донор эсвэл бодлогын байгууллагуудад ОУВС[1], АХБ[2], ДБ[3], саяхан байгуулагдсан АДБХОБ[4] зэрэг багтана. Мөн Европын Хөрөнгө Оруулалт Сэргээн босголтын банк, Олон Улсын Санхүүгийн корпораци зэрэг хувийн хэвшилтэй ажилладаг байгууллагууд ч бий.

1.    Стэндбай

Стэндбай бол дээр дурьдсанаар цалингийн зээл юм. ЗГ төсвийн орлогоо барьцаалж түр хугацаанд шаардлагатай байгаа төсвийн цоорхойг нөхөхөөр мөнгө зээлэх үйл явц юм лдаа. Өрхийн хувьд цалингаа, компанийн хувьд бизнесийн орлогоо барьцаалж байгаатайл агаар нэг. Нэгэнт бодит хөрөнгө, эсвэл хадгаламжийг нь барьцаалахгүй байгаа болохоор зээлдүүлэгч этгээд түр хугацаанд орлого зарлагыг бүрэн хянах эрхийг эдэлнэ. Хар үгээр тайлбарлавал танай байгууллагын касс эсвэл гэрийн хар дэвтрийг зээлдүүлэгч этгээд өгсөн мөнгөө буцааж автлаа бүрэн хянана гэсэн үг. Иймэрхүү юм бас банк дампуурсан үед Бүрэн эрхэт төлөөлөгчөөр дамжин хэрэгждэг. Анод банк дампуурах үед Монгол Банк бүрэн эрхэт төлөөлөгчөө томилж байсныг зарим нэг нь санаж байгаа байхаа. Хөтөлбөрт орох нь гарцаагүй бөгөөд цаг хугацааны асуудал, Засгийн газрын цалингаа тавихын тулд их удлаа гэхэд Цагаан сараас өмнө орох болов уу. Өөрийн зүгээс аль эрт авч хэрэгжүүлэх ёстой байсан арга хэмжээ гэж бодож явдаг.  

2.    Хөнгөлөлттэй зээл

А хувилбар буюу бэлэн мөнгө зээлэх бүтэмж муутай мөрөөдөл.

Өмнөх Засгийн Газар своп[5] (swap) гэрээний дагуу 2,5 тэрбум долларыг аль хэдийн Хятадын төв банкнаас аваад идчихсэн бөгөөд одоогийн Засгийн газар түүнийг хэрхэн барагдуулах талаар ямар ч төлөвлөгөөгүй байгаа. Ганц Хятадын гэхгүй Чингис, Самуурай бонд гээд нилээн хэдэн тэрбум долларыг бэлнээр аваад үр ашиггүй төсөлд зарцуулахыг нь зарцуулаад, ядаж байхад сайн эрчүүд дундаас нь цавчаад дуусгасан, муу дээрээ муухай гэдгээр саяхан зээлжих зэрэглэл (caa1)  шалтай наалдсан зэрэг хүчин зүйлээс үүдээд бэлэн мөнгө зээлэх газар олдохгүй л болов уу. Зарим улс төрчид, тэднийг тойрон хүрээлж өөрсдийх нь хэлдгээр пиар биднийхээр бол үлгэр домог зохиож явдаг хүмүүсийн ярианд итгэх юм бол Хятад улс хаширахгүй бэлэн мөнгө зээлэх бололтой.  Гэхдээ энэ гэрээ хэлцлийг батлах ямар ч бичиг баримт, тохиролцоо ядахдаа нэг хуудас цаас байгааг хэн ч хараагүй, байлаа гэхэд их л нууц юм болж таарах гээд байгаа юм. Зээллээ гэхэд 2,5 тэрбум доллараа түрүүлж барагдуулах, эсвэл олгосон зээлээс шууд суутгах, хамгийн аймаар нь төлж чадахгүй бол ханшийн эрсдлээс хамгаалах үүднээс төгрөг биш юанийг үндэсний валют  болгох гэсэн шаардлага тавихыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бол нас дээр гарсан лам айлчилснаас ч юмуу[6] бид нар хятадад үнэн голоосоо хайртай болоогүйгээс биш эргэн төлөгдөх магадлал маш муутайгаас болоод байгаа юм. Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд Засгийн Газрын газраас өнгөрсөн баасан гаригт борлуулахаар зарласан 50 тэрбум төгрөгийн бондыг нэг ч дотоодын банк авахаар захиалга ирүүлээгүйг дурьдахад л хангалттай болов уу.

Б хувилбар. Хөнгөлөлттэй буюу хамгийн бүтэх магадлал өндөртэй зээл.

Хөгжлийн зээл хэмээн өхөөрдөн нэрлэдэг энэхүү зээл цаанаа улс төр эдийн засгийн бодлого агуулж байдаг тул ямарч найдваргүй болсон, төлбөрийн чадваргүй орнуудад ганцхан Хятад гэхгүй аль ч баян орнууд олгоход бэлэн байдаг. Одоо ч гэсэн монголчууд за гэж хэлээд УИХ-аараа батлахад ороод ирэх төсөл хөтөлбөр шил шилээ дараад хүлээж байгаа. Гэхдээ энэ бол лизингийн зээл гэдгийг уншигчид анхааралдаа аваарай. Яригдаад байгаа 4,2 тэрбум долларыг Хятадууд олголоо гэхэд АДБХОБ эсвэл Эксим банкаар дамжуулж ирээдүйд монголчуудын гол мөнгө олох эх үүсвэр болж болох дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэн, өөрийн компаниудаар гүйцэтгүүлэх болов уу. Шалтгаануудыг дурьдвал Нэгдүгээрт: хямд түүхий эд авах боломж бүрэн хангагдана Хоёрдугаарт: уг төслүүдийг барьцаалах эрх нээгдэнэ. Гуравдугаарт: 1 болон 2 дахь шалтгаанаас үүдэн хөрөнгө оруулалт бүрэн найдвартай хамгаалагдана. Гэхдээ хятадууд ганцхан манайд бус дэлхийн бусад орнуудад ийм төрлийн хөрөнгө оруулалтыг цутгаж буйг Африк, Латин Америкын орнуудад хэрэгжүүлж төслийн талаархи хэвлэл мэдээллийн эх сурвалжаас амархаан олоод мэдчиж болно. 

Сонирхуулж хэлэхэд хуримтлалгүй, ядуу орнууд байтугай Хятад хүртэл АХБ, ДБ-наас гишүүн орны хувьд одоо болтол хөнгөлөлттэй зээлийг авдаг. Учир нь АХБ, ДБ зэргийн олгодог хөнгөлөлттэй зээлд зарим сайн тал бий. Эдгээр банкууд хөнгөлөлттэй зээлийг олгохдоо мэдээллийг ил тод байлгах, иргэдийн оролцоог дэмжих, авлигаас ангид худалдан авалт хийхийг шаардах зэрэг сайн засаглалын зарим элементийг эрх баригчдаар мөрдүүлдэг, түүнчлэн өндөр стандарт, ноу хау дагаж орж ирдэг зэргийг товчхон дурьдаж болох юм. 

Хөнгөлөлттэй зээлийн хэрэгцээ шаардлага дуусах болоогүй, түүгээр төсөл хэрэгжүүлж л байдаг, цаашдаа баян улсуудын бий болгосон энэхүү санхүүгийн энэ бүтэц нилээн удаан хугацаанд оршин тогтнох нь тодорхой тул ямар нэгэн айдас төрүүлэх, гадаадыхныг үзэн ядуулах үүднээс биш зээл авахдаа ухаалаг бай, зөв тооц, алсаа харах хэрэгтэй гэдгийг л хэлэх гэж энэхүү зүйлийг бичлээ.  

Энэ товчхон мэдээллийн чанартай зүйлүүд дээр уншигч та бүхэн өөр өөрийн гэсэн дүгнэлтийг хийж, санал бодлоо хуваалцаарай.





[1] ОУВС – Олон Улсын Валютын Сан

[2]АХБ – Азийн Хөрөнгө Оруулалтын Банк

[3] ДБ – Дэлхийн Банк

[4] АДБХОБ – Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк

[5] Өмнө нь өөрийн блогт своп гэрээний үндсэн зарчим, Монгол банкны төлбөр яагаад өр болсон тухай дурьдсан болно.
[6] Далай ламаас үүдээд мөнгө зээлэхгүй болчлоо гэдэг дотоодоосоо хийж байгаа пи ар гэж хараад байгаа. Хятадын Гадаад Явдлын Яам далай ламтай холбоотой болгон дээр дандаа эсэргүүцэл илэрхийлдэг, хэрэв америкт Трампын урилгаар 7 хоносон бол сонин хэвлэлээр дэлхий даяар өргөн хүрээтэйгээр 14 хоног хэрүүл хийх байсан боловуу. Бүтэхгүйнээ гэж хэлж байснаас хэн нэг рүү буруугаа чихэх ч угаасаа бидний төрөлхийн араншинлдаа  

Thursday, November 24, 2016

Одоо хэдүүлээ яах вэ?

Сүүлийн үед эдийн засаг хүндэрч, хаа хаанаа хэрхэн гарах талаар арга замаа олохгүй, хүмүүс ялангуяа шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд бодит байдлаа ойлгохын оронд хийсвэр төсөөлөлд умбаж буй тул мэдээллийн чанартай зүйл бичиж байгаад гарах гарцын талаар өөрийн бодлоо бичихээр шийдлээ.

Эдийн засаг хүндрэх тухай бидний хэсэг нөхөд аль 2015 оны хавраас эхлэн дуугарч эхэлсэн, бүр нэвтрүүлэг хүртэл бэлтгэж, зарим нэг зүйлийг сонин хэвлэлд нийтлүүлж байсан санагдаж байна. Эдгээрийг мэргэн түргэндээ биш олон улсын байгууллагууд аль 2013 оноос анхааруулж эхэлж байсан тул олж мэдсэн зүйлээ бусдад хэлж байсан хэрэг л дээ. Өөрөө эдгээр байгууллагуудын тайланг ажлын шугамаар заавал унших шаардлага гардаг, тэдгээрт дурьдагдсан таамаглал нэг их хол зөрдөггүйг мэднэ. Хамгийн ойрын жишээ дурьдахад ДБ энэ жилийн ДНБ-ний өсөлтийг 1% хүрэхтэй үгүйтэй байна гэхэд ЗГ тав ч билүү долоо ч билүү хувиар өснө гээд тууж явах жишээтэй. За нэгэнт болоод өнгөрсөн тул үүнийг ярихаас илүүтэйгээр хямралаас хэрхэн гарах вэ гэдэг дээр өөрийн санааг хэлэх гэсэн юм.

1.            Одоогийн нөхцөл байдал

Хамгийн тулгамдсан асуудал макро эдийн засгийн гадаад болон дотоод орчин, өр төлбөрийн асуудал юм. Миний хувьд өнөөдөр нүүрлээд байгаа системийн болон санхүүгийн хямралын шалтгаан нь үй түм болох ба энэ талаар маш олон хүмүүс тал талаас нь асар их тайлбарласан тул нуршаад шаардлагагүй гэж бодлоо. Төсөвт хамгийн их орлого төвлөрүүлдэг мөртөө дандаа улс төржүүлдэг муу нэртэй Уул уурхай эдийн засгийн суурь болж байгаа цаашдаа ч тийм байх болов уу. Харин муу мэдээ нь гэвэл гол нэрийн бүтээгдхүүний үнэ ойрын үед төдийлөн өсөхгүй, хэрэв технологийн дэвшил ингэж хурдацтай яваад байвал бүр унаж ч мэдэх явдал юм.

Юун түрүүнд ЗГ улсаа хөгжүүлнэ хэтийн хөгжлийн суурийг тавина гэх мэт хийрхүү лоозон ярихаа больсон ч бодит амьдрал дээрээ ам ажил нь алд дэлэм зөрж байна. Энгийн жишээ хэлэхэд 2017 оны төсвийг батлахдаа 9,8% ийн алдагдалтай баталчаад, үлдсэнийг хаанаас олох юм бэ гэхээр зээл авна гээд сууж байх анзаатай. Дээр нь Хятадаас 4,2 тэрбум доллар зээлнэ. ОУВСан 2 тэрбум доллар өгнө гэсэн юм яриад сууж байх юм. Саяхан монгол улсын ЗГ, арилжааны банкнуудын зээлжих зэрэглэлийг Moody’s ба Fitch агентлагууд эрсдэлтэй ангилалд оруулсан бөгөөд шалтгааныг нь маш тодорхой дурьдсан байсан. ЗГ гадаад өрийн дарамт ихтэй, төсвийн алдагдлаа хэрхэн зохицуулах талаар тодорхой төлөвлөгөө байхгүй харин арилжааны банкнууд өрийн тулам болсон ЗГ-таа хадгаламж эзэмшигчдийхээ мөнгийг зээлүүлэхээс өөр ажил хийдэггүй гэдгийг цагаан дээр хараар бичсэн байна билээ. Хар үгээр хэлбэл наа дампуу нөхдүүд чинь зээлсэн мөнгөө тансаглаад дуусгасан, нэмж зээлүүлбэл хаширахгүй цацаа хаячна шүү, тэхээр сайн бодооройл гэсэн үг шүүдээ. Хэрэв сонирхвол www.moodys.com ба www.fitchratings.com зочлоод үзээрэй. 

Иймээс зээл авах гэдэг одоо үнэхээр үнэтэй бөгөөд эрсдэлтэй тоглоом юм. Хятадаас зээлнэ гээд байгаа мөнгө бэлнээр орж ирэхгүй л болов уу. Харин зээллээ гэж бодоход тодорхой төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ, тэрнийхээ гүйцэтгэлийг зээлдүүлэгч хянана, мөнгө өгсөн тул өөрийн улсын гүйцэтгэгч компани болон бараа бүтээгдхүүнд давуу эрх олгоно, харин та нар зөв ашиглаж ашигаа олчоод бидэнд төлөөрэй, тэр болтол манай өмчлөлд байх гэсэн нөхцлүүдийг тулгах болов уу. Бас эдгээр зээлийн олгох хугацаа, шаардах бичиг цаасны ажил гэж овоо цаг авдаг зүйл бий. Миний төсөөлж байгаагаар их хурдан бүтлээ гэхэд 2,5-аас 4 жил шаардах байх. Нэг их таагаад, мэргэн түргэндээ ч биш олон улсын жишиг нь ийм юм. Яг энэ шалтгаанаас үүдээд Энэтхэгийн 1 тэрбумын, Тайваны эксим банкны гээд унжаад байхаар унаад ирээсэй гэдэг үлгэр шиг амлагдсан боловч авч чаддаггүй зээл асар олон бий.

Хятадууд бэлэн мөнгө зээлэхгүй байх үндсэн шалтгаан своп хэлэлцээрийн дагуу зээлсэн төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон 2,5 тэрбум доллар болох боловуу. Своп гээд гадаад нэр ярьж толгой эргүүлээд байгаа болохоос уул шугамандаа хятадруу наймаа хийдэг хүн бүрийн мэддэг Мөнгөн гүүрийн л үйлчилгээ юм шүүдээ. Төгрөгөө энд тушаана, эрээн дээр нэг хятад Газар тариалангийн банкинд байх данснаасаа юань гаргаж өгнө. Даанч Хятадын Ардын Банкны гаргасан 2,5 тэрбум доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг Монголд банк гүйлгээнээс татаж хураагаагүй болохоор л өр болоод хувирчиж байгаа юм.

ОУВС мэдээж монголыг тавиад туучихгүйн тулд standby хөтөлбөр хэрэгжүүлнэ гэхдээ энэ бол зөвхөн төсвийн урсгал зардлыг хаах зорилготой буюу бүр тодорхой хэлбэл төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийн мөнгийг л өгөх асуудал юм шүүдээ.  
2.    Одоо тэгвэл яах вэ?

Нэн тэргүүнд: Мэдээж хувийн хэвшилдээ найдах. Товчхондоо УУ, эрчим хүчний томоохон төслүүдээ хөдөлгөх л асуудал юм. Хөдөлж эхэлсэн даруйдаа мөнгөн урсгал, ажлын байр, татварын суурь бий болгох зэрэг эерэг нөлөө үзүүлэх тул энэ талаар бичээд байвал барагдахгүй их юм болно. Одоохондоо ихэнхи хүмүүсд тархи толгой угааж байгаад өвөг дээдсийн баялгийг хувааж идэх гэж байна гэсэн хардлага асар их байдаг тул ингэсгээд энэ сэдвийг орхиё доо.

Нэн тэргүүнд: Монголчууд бодит байдлын талаар бүгдээрээ нэгдсэн ойлголттой болоод нэг талдаа гарах. 2 удаа нэн тэргүүн гэж бичдэг учир нь нэг амаар ярьж сурах, хувийн хэвшлээ дэмжих л бидний ганц ирээдүй байж магадгүй юм. Бодит байдлаа ойлгосон тохиолдолд дараагийн хийх зүйл тодорхой болно, бодит байдал дээр тулгуурласан төлөвлөлт мэдээж алдаа багатай л байна л даа.

Хоёрт : ЗГ өөрсдөө ажил хийж байгаа мэт харагдах шаардлагатай болчоод байгаа. Өнөөгийн нөхцөлд зээл авч ажил хийхгүйгээр цаашаа явах ямарч боломж байхгүй. Харин хэнээс, хэдийг, ямар нөхцөлтэй авах вэ? гэдэг хамгийн гол асуудал юм. Авлаа гэхэд удаан хугацаатай, хүү багатай (олон улсын хэллэгээр soft loan гэдэг), дунд болон урт хугацааны хөгжлийн суурийг тавих, татвар төлөгчдийн баазыг нэмэгдүүлэх боломжтой зээлийг л авах хэрэгтэй. Уг ажлын гол зохион байгуулагч нь мэдээж ЗГ байна. Угаасаа хөнгөлөлттэй зээлийг тэд л авах боломжтой. Юун түрүүнд одоо ТЭЗҮ, үр ашгийн судалгаа хийгдэж буй бүх төслүүдээ СЯ нэгтгэн, хэрэгцээ шаардлагыг нь дээр миний дурьдсаны дагуу ангилах шаардлагатай. Гадныхан манайхны ажлын төлөвлөгөөг өхөөрдөн нэрлэдэг wish list буюу хүслийн жагсаалтаа шүүлтүүрээр шүүгээд priority list буюу заавал хийх ажлын жагсаалтаа боловсруулж байгаад, мөнгөө гуйвал бүтэх арай амар юмдаа.

Гурав: Төлж чадахгүй нь өөрт ч өрөөлд ч тодорхой юм чинь төлбөрийн хугацаагаа хойшлуулах (debt restructuring). Заавал гадны байгууллага гэхгүй бидний дунд ийм ажил хийх чадвартай мэдлэгтэй хүмүүс зөндөө байдаг юм билээ. Төрийн байгууллагыг оролцуулахгүй, бие даасан мэргэжлийн багаар хийлгэх нь бараг өлзийтэй болов уу.  

Эцэст нь: яриад байх юм байхгүй шууд Standby. Эх адагаа алдцан яахаа мэдэхгүй сандарцан байгаа үед ямар үед аль ажлыг түрүүлж хийхээ мэддэг хүмүүсийг урьж ирүүлэх нь бараг шударга болох байх. Адаглаад төсвийн сахилга бат, зарцуулалтыг сайхан цэгцлээд өгчинө.

Товчхон бичихийг оролдсон боловч хэтэрхий нуршуу болчлоо. Санаа оноо байвал нэмээд явчина биздээ.


P.S Нээрээ standby руу орвол зээл тусламж авч чадахгүй гэдэг золбин яриа явдаг юм билээ. Уг нь ОУВС, хөгжлийн банк, сангууд цаагуураа хармаа хот нэгтэй, хоорондоо учраа олохдоо нь монголчууд биднээс хамаагүй амархан байгууллагууд байдаг юм шүү.