Мэдээж байгаа гэхдээ энэ ажлыг хийхэд хэд хэдэн орц зайлшгүй шаардлагатай эдгээрийг яс хийгээд явахад 5 жилийн дараа гэхэд бүрэн арилдаггүй юм гэхэд 20-30% буурах боломжтой.
- Онцгой нөхцөлд тохирсон хууль гарган, тэр нь бүгдэд тэгш үйлчилдэг байх
- Бодит байдал дээр тулгуурласан тодорхой төлөвлөгөөтэй байх
- Хөрөнгийн эх үүсвэр
- Иргэдийн идэвхи санаачлага
Хууль үйлчлэхийн хувьд хориглосон газар түүхий нүүрс бусад зүйлсийг түлэхийг хориглох, зөвшөөрсөн газар нэг хашаанд нэг яндан, уг яндангаас гарах утааны хэмжээний стандарт хэмжээг нарийвчлан зааж өгөх гэх мэт хатуу боловч ирээдүйд учрах хор хохирлоос сэргийлсэн хууль гаргах шаардлагатай болно. Мэдээж энийг хийх шиг амархан зүйл байхгүй. Учир нь цаасан дээр суугаад бичлээ, баталлаа, хүчин төгөлдөр мөрдөх хугацаа, хэн хэрэгжүүлэхийг үүрэгдлээ гэсэн дарааллыг бид угаасаа хийгээд сурсан улсууд.
Бодит байдал дээр тулгуурласан төлөвлөгөөтэй байх. Мэдээж хууль батлагдсан тул хариуцах хариуцах газар албан тушаалтнууд бас л дор бүрдээ төлөвлөгөө боловсруулна. Гэхдээ энэ шатнаас эхлээд л утааны эсрэг тэмцлийн дампуурал эхлэнэ. Сүүлийн хэдэн жил хийсэн авсан арга хэмжээнүүд бусад орнуудад болоод, үр дүнгээ өгөөд байгаа мөртөө манайд холион бантан болсон үндсэн шалтгаан нь:
- Гэр хороололд бүхэлд нь тохирох ганцхан жор л хайгаад байсан болохоос гэр хороолол юунаас бүрддэг, ямар нийгмийн бүлэгүүд оршдог, өөр өөр хороо байтугай гудамжны 2 үзүүрийн айлуудын нөхцөл байдал шал өөр гэдгийг байнга орхигдуулснаас санал болгоод байгаа аргууд санаа нь сайхан боловч саармагжиж эхэлдэг.
- Дараагийн ээлжинд төрийн байгууллагуудын харилцан уялдаагүй байдал. Хэн нэг нь эсвэл аль нэг алба, байгууллага уг ажилд тэргүүлээд эхлэхээр бусад нь дэмжихийн оронд миалах муулах, дэгээдэж унагаах ажиллагаа шууд эхэлдэг эсвэл асуудал өөрөөс нь холдсонд баярлаад огт хамаагүй царайлаад идэвхигүй байдалд ордог. Зүй нь утаагүй зуух тог цахилгааны хүртээмж муу газар тараагаад, төв хэсэгтээ халаагуур тараагаад явсан бол эдийн засгийн хувьд ч тэр, үр дүнгийн хувьд ч тэр арай л дээр байх байлаа
Дээрхи 2 зүйлээс харахад төрийн байгууллага гэр хороолол ямар бүтэцтэй, яагаад үүсэж бий болсон, ямар учраас улам тэлээд байгаа, ямар зовлон жаргалтайг яс махандаа тултал ойлгож, хоорондоо энгийн найрсаг хамтарсан байдлаар ажилладаг болоогүй цагт сайн төлөвлөгөө боловсрох, нөгөө боловсруулаад байгаа хууль, дүрэм, төлөвлөгөө хэрэгжих тухай санаад ч хэрэггүй юм.
Хөрөнгийн эх үүсвэртэй байх. Мэдээж аливаа ажлыг хийхэд хөрөнгө мөнгө шаардлагатай. Наад захын жишээ хэлэхэд цахилгааны тарифыг тэгэллээ гэхэд станцуудын алдагдлыг хэн төлөх, халаагуур авч чадахгүй байгаа айлуудад цахилгаан төхөөрөмж авч өгөх, тэр эх үүсвэрийг хаанаас олох гээд үй олон санхүүгийн асуудал гарч ирнэ. Ялангуяа онцгой байдал зарлаж, хурдан хугацаанд хийх шаардлагатай болсон үед зардал мөнгө тэнгэрт хаддаг жамтай. Ирээдүйд учрах хохирлоос өнөөгийн зардал бага байх нь тодорхой боловч байнга онцгой байдлаар өндөр зардлаар ажлаа хийгээд байвал угаасаа муу байгаа эдийн засаг дааж гарах нь эргэлзээтэй. Иймд ирэх 2 жилд аргацаахаас гадна ирээдүйд яах вэ гэдгээ бодох шаардлага гарна.
Иргэдийн идэвхи санаачлага. Гэхдээ энэ асуудал өндөг анхдагч уу тахиа анхдагч уу гэсэн төрийн чадавхийн асуудал руу яаж ийж байгаад эргээд очих тул тэмцээд хашгираад өөрсдөө уриалаад байгаа нийгмийн идэвхитэй цөөхөн хэдэн хүнээс бусад нь цагаа тулахаар төр зохион байгуул, төр мөнгө гарга, төр шийд гээд байхаас нээрээ хуулиа дагая гэхгүй л болов уу.
Хийх ажилд шаардлагатай орцуудаа логик байдлаар дараалуулаад үзэхэд хууль дүрэм батлахаас доошлох тусам хэрэгжих магадлал улам багасаад байгааг уншсан хүмүүс жоохон ч болтугай анзаарсан байхаа. Угаасаа энэ зовлон ганц утаан дээр ч байгаа юм биш манай улсад тохиолдож байгаа бүх гамшиг зовлонд байдаг нийтлэг асуудал болоод удаж, бүгд тэрүүндээ дасаж.
Эцэст нь өнөөгийн энэ утаа ядуурлын, ухамсар доройтлын, чадваргүйдлын, эмх замбараагүйдлийн утаа болохоос нүүрсний утаа биш гэсэн дүгнэлтэнд хүрсэнээ л та бүхэнд хэлэх гэсэн юм.