Thursday, May 11, 2017

Ерөнхийлөгч. Үнэхээр тийм чухал суудал уу?

Монгол Улсын Үндсэн Хуулийн 1 болон 3-р бүлэгт төрийн эрхийг ард түмэн төлөөллийн байгууллагаараа дамжуулан барих буюу УИХ гэсэн парламентын засаглалтай байна хэмээн тов тодорхой заасан байдаг. 

Гэвч Ерөнхийлөгч хэмээх субьектыг бэлэг тэмдэг байдлаар оруулж ирээд, дээр нь санаатай буюу санамсаргүй байдлаар шүүх засаглалыг томилох эрхийг өгснөөр хэрэв эрх барьж буй намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч сонгуульд ялбал хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдэл гэсэн салангид байж бие биенээ хянах үүрэгтэй гурван зүйлийг нэг шугаманд жагсаах боломжийг  гаргаж өгчээ. Нэгэнт ганцаараа бүх шийдвэр гаргах боломжоор абсолют биш гэхэд бусдаасаа хэд дахин илүү энэхүү суудалруу ялсан намын дарга заавал зүтгэдэг заншил 2000 он гарсаар нэгэт тогтжээ. 

Иймээс нам хэмээх олон бүлэг фракцыг ЗГ-ийн тэргүүн эсвэл сөрөг хүчинтэй УИХ-ын дарга болж удирдах, уялдуулах, учрыг нь олох гэж махаа идэж байхаар Ерөнхийлөгч болоод хууль шүүхээр далайлган хийх хялбар хэмээн ихэнхи нь үздэг бололтой юм билээ. Тэгээд бас ч үгүй хууль санаачлах эрх Ерөнхийлөгчид байгааг ч хэлэх үү. 

ЭЗ-ийн засгийн хүндрэлтэй, 2016 оны сонгуулиар УИХ-д 65 суудлыг МАН авсан өнөө үед 2017 оны 5 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль дээр дурьдсан шалтгаанаар Монгол Улсад гарцаагүй эргэлтийн цэг болохоор байгаа юм. 

Нөхцөл байдал дээр үндэслээд гурван нэр дэвшигчийн газрын наймаа, карьерист болохоос хийж бүтээсэн зүйлгүй, хулгайч, ард түмний эв нэгдлийг хагалан бутаргах замаар төслүүдээр дамжуулан ихээхэн өмч хөрөнгө шамшигдуулсан, одоогийн төрийн бузар булай бүхний эхлэлийг тавьсан хэмээх түмэн зүйлийн эцэслэн батлагдаагүй зүйлүүдийг орхиод хэн нь ялбал ямар үр дүн гарах вэ гэдгийг таамаглах гээд үзье. 

  1. МАН-ын нэр дэвшигч М.Энхболд. Энэхүү эрхэм ялалт байгуулбал, намын дотоод зохион байгуулалтыг абсолют эрхээрээ далайлган цэгцлэх ба хүлээгдэж буй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх явц илүү хурдтай эмх цэгцтэй явах магадлалтай. Сул тал нь гэвэл нам гэдэг олон хүнээс бүрддэг учраас 2021 онд намын зүгээс нүүрээ буруулж, иргэдийн хүсэн хүлээгээд байгаа тогтвортой байдал ердөөл 2017 оны 8-р сараас 2019 оны 12 сар хүртэл 28-хан сар үргэлжлэх юм. Гэтэл манай улсад тулгамдсан асуудлыг ийм богино хугацаанд шийдвэрлэх ямар ч боломжгүй юм. 
  2. АН-наас нэр дэвшигч Х.Баттулга. Шүүхийг мафи болгоно хэмээн өрсөлдөгч талаас харлуулж буй энэхүү эрхэм сөрөг пиарын дагуу шүүх засаглалыг бүрэн утгыг нь санаатай буюу санамсаргүйгээр алдуулах магадлалтай. Гэвч энэхүү төсөөлж буй систем өөрсдөд нь халгаатай тул хууль тогтоох эрх мэдлийг барьж буй МАН-ын зүгээс үндсэн хуульд өөрчлөлт оруулан, хүчтэй Ерөнхий сайд бүхий Парламентын засаглал руу яаравчлан шилжихээр хөдлөх болов уу. Угаасаа ч энэ хувилбарт бэлтгэж буй нь сүүлийн үед яригдаад байгаа Үндсэн хуулийн талаархи зөвшилцөлийн үйл явцаар батлагдаж байна хэмээн үзэж болох талтай.   
  3. МАХН-наас нэр дэвшигч Н.Энхбаяр. Энэ хүний нэр дэвших эрхийн талаар хэлэхэд үнэхээр төвөгтэй бөгөөд нэр дэвшсэн тохиолдолд ялах магадлал нөгөө хоёроосоо хувь илүү. Хэрэв ялсан тохиолдолд тангараг өргөсөн даруйдаа УИХ-ыг тараах, дахин сонгууль явуулах гэх мэт эмх замбараагүй байдлыг үүсгэх үйл ажиллагааг шууд хийж эхлэнэ. Учир нь дээр дурьдагдсан Үндсэн хуулийн өөрчлөлт өөрийх нь төлөвлөгөөг бүрэн сүйрүүлж, улс төрөөс нэгмөсөн арчигдах үндэслэл болохыг маш сайн мэдэж байгаа. Уг хүн гарснаар олон жилээр үргэлжлэх эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй. 
Энэхүү товч зүйлийг уншаад өөрсдийн дүгнэлтээ хийн, эргэцүүлэн бодож үзээрэй.