Сүүлийн
үед эдийн засаг хүндэрч, хаа хаанаа хэрхэн гарах талаар арга замаа олохгүй, хүмүүс
ялангуяа шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд бодит байдлаа ойлгохын оронд
хийсвэр төсөөлөлд умбаж буй тул мэдээллийн чанартай зүйл бичиж байгаад гарах
гарцын талаар өөрийн бодлоо бичихээр шийдлээ.
Эдийн засаг хүндрэх тухай бидний хэсэг
нөхөд аль 2015 оны хавраас эхлэн дуугарч эхэлсэн, бүр нэвтрүүлэг хүртэл
бэлтгэж, зарим нэг зүйлийг сонин хэвлэлд нийтлүүлж байсан санагдаж байна.
Эдгээрийг мэргэн түргэндээ биш олон улсын байгууллагууд аль 2013 оноос анхааруулж
эхэлж байсан тул олж мэдсэн зүйлээ бусдад хэлж байсан хэрэг л дээ. Өөрөө эдгээр
байгууллагуудын тайланг ажлын шугамаар заавал унших шаардлага гардаг, тэдгээрт
дурьдагдсан таамаглал нэг их хол зөрдөггүйг мэднэ. Хамгийн ойрын жишээ
дурьдахад ДБ энэ жилийн ДНБ-ний өсөлтийг 1% хүрэхтэй үгүйтэй байна гэхэд ЗГ тав
ч билүү долоо ч билүү хувиар өснө гээд тууж явах жишээтэй. За нэгэнт болоод
өнгөрсөн тул үүнийг ярихаас илүүтэйгээр хямралаас хэрхэн гарах вэ гэдэг дээр
өөрийн санааг хэлэх гэсэн юм.
1.
Одоогийн нөхцөл байдал
Хамгийн тулгамдсан асуудал макро эдийн
засгийн гадаад болон дотоод орчин, өр төлбөрийн асуудал юм. Миний хувьд өнөөдөр
нүүрлээд байгаа системийн болон санхүүгийн хямралын шалтгаан нь үй түм болох ба
энэ талаар маш олон хүмүүс тал талаас нь асар их тайлбарласан тул нуршаад
шаардлагагүй гэж бодлоо. Төсөвт хамгийн их орлого төвлөрүүлдэг мөртөө дандаа
улс төржүүлдэг муу нэртэй Уул уурхай эдийн засгийн суурь болж байгаа цаашдаа ч
тийм байх болов уу. Харин
муу мэдээ нь гэвэл гол нэрийн бүтээгдхүүний үнэ ойрын үед төдийлөн өсөхгүй,
хэрэв технологийн дэвшил ингэж хурдацтай яваад байвал бүр унаж ч мэдэх явдал юм.
Юун түрүүнд ЗГ улсаа хөгжүүлнэ хэтийн
хөгжлийн суурийг тавина гэх мэт хийрхүү лоозон ярихаа больсон ч бодит амьдрал дээрээ ам ажил нь алд дэлэм зөрж байна. Энгийн
жишээ хэлэхэд 2017 оны төсвийг батлахдаа 9,8% ийн алдагдалтай баталчаад,
үлдсэнийг хаанаас олох юм бэ гэхээр зээл авна гээд сууж байх анзаатай. Дээр нь
Хятадаас 4,2 тэрбум доллар зээлнэ. ОУВСан 2 тэрбум доллар өгнө гэсэн юм яриад
сууж байх юм. Саяхан монгол улсын ЗГ, арилжааны банкнуудын зээлжих зэрэглэлийг Moody’s ба Fitch агентлагууд
эрсдэлтэй ангилалд оруулсан бөгөөд шалтгааныг нь маш тодорхой дурьдсан байсан. ЗГ
гадаад өрийн дарамт ихтэй, төсвийн алдагдлаа хэрхэн зохицуулах талаар тодорхой
төлөвлөгөө байхгүй харин арилжааны банкнууд өрийн тулам болсон ЗГ-таа хадгаламж
эзэмшигчдийхээ мөнгийг зээлүүлэхээс өөр ажил хийдэггүй гэдгийг цагаан дээр
хараар бичсэн байна билээ. Хар үгээр хэлбэл наа дампуу нөхдүүд чинь зээлсэн мөнгөө
тансаглаад дуусгасан, нэмж зээлүүлбэл хаширахгүй цацаа хаячна шүү, тэхээр сайн
бодооройл гэсэн үг шүүдээ. Хэрэв сонирхвол www.moodys.com ба www.fitchratings.com
зочлоод үзээрэй.
Иймээс зээл авах гэдэг одоо үнэхээр үнэтэй бөгөөд
эрсдэлтэй тоглоом юм. Хятадаас зээлнэ гээд байгаа мөнгө бэлнээр орж ирэхгүй л
болов уу. Харин зээллээ гэж бодоход тодорхой төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ,
тэрнийхээ гүйцэтгэлийг зээлдүүлэгч хянана, мөнгө өгсөн тул өөрийн улсын
гүйцэтгэгч компани болон бараа бүтээгдхүүнд давуу эрх олгоно, харин та нар зөв
ашиглаж ашигаа олчоод бидэнд төлөөрэй, тэр болтол манай өмчлөлд байх гэсэн
нөхцлүүдийг тулгах болов уу. Бас эдгээр зээлийн олгох хугацаа, шаардах бичиг
цаасны ажил гэж овоо цаг авдаг зүйл бий. Миний төсөөлж байгаагаар их хурдан
бүтлээ гэхэд 2,5-аас 4 жил шаардах байх. Нэг их таагаад, мэргэн түргэндээ ч биш
олон улсын жишиг нь ийм юм. Яг энэ шалтгаанаас үүдээд Энэтхэгийн 1 тэрбумын,
Тайваны эксим банкны гээд унжаад байхаар унаад ирээсэй гэдэг үлгэр шиг
амлагдсан боловч авч чаддаггүй зээл асар олон бий.
Хятадууд бэлэн мөнгө зээлэхгүй байх
үндсэн шалтгаан своп хэлэлцээрийн дагуу зээлсэн төлөгдөх эсэх нь эргэлзээтэй
болсон 2,5 тэрбум доллар болох боловуу. Своп гээд гадаад нэр ярьж толгой
эргүүлээд байгаа болохоос уул шугамандаа хятадруу наймаа хийдэг хүн бүрийн
мэддэг Мөнгөн гүүрийн л үйлчилгээ юм шүүдээ. Төгрөгөө энд тушаана, эрээн дээр
нэг хятад Газар тариалангийн банкинд байх данснаасаа юань гаргаж өгнө. Даанч
Хятадын Ардын Банкны гаргасан 2,5 тэрбум доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг Монголд
банк гүйлгээнээс татаж хураагаагүй болохоор л өр болоод хувирчиж байгаа юм.
ОУВС мэдээж монголыг тавиад туучихгүйн
тулд standby хөтөлбөр
хэрэгжүүлнэ гэхдээ энэ бол зөвхөн төсвийн урсгал зардлыг хаах зорилготой буюу
бүр тодорхой хэлбэл төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийн мөнгийг л
өгөх асуудал юм шүүдээ.
2.
Одоо тэгвэл яах вэ?
Нэн тэргүүнд: Мэдээж хувийн хэвшилдээ найдах.
Товчхондоо УУ, эрчим хүчний томоохон төслүүдээ хөдөлгөх л асуудал юм. Хөдөлж
эхэлсэн даруйдаа мөнгөн урсгал, ажлын байр, татварын суурь бий болгох зэрэг
эерэг нөлөө үзүүлэх тул энэ талаар бичээд байвал барагдахгүй их юм болно.
Одоохондоо ихэнхи хүмүүсд тархи толгой угааж байгаад өвөг дээдсийн баялгийг
хувааж идэх гэж байна гэсэн хардлага асар их байдаг тул ингэсгээд энэ сэдвийг
орхиё доо.
Нэн тэргүүнд: Монголчууд бодит байдлын
талаар бүгдээрээ нэгдсэн ойлголттой болоод нэг талдаа гарах. 2 удаа нэн тэргүүн
гэж бичдэг учир нь нэг амаар ярьж сурах, хувийн хэвшлээ дэмжих л бидний ганц
ирээдүй байж магадгүй юм. Бодит байдлаа ойлгосон тохиолдолд дараагийн хийх зүйл
тодорхой болно, бодит байдал дээр тулгуурласан төлөвлөлт мэдээж алдаа багатай л
байна л даа.
Хоёрт : ЗГ өөрсдөө ажил хийж байгаа
мэт харагдах шаардлагатай болчоод байгаа. Өнөөгийн нөхцөлд зээл авч ажил
хийхгүйгээр цаашаа явах ямарч боломж байхгүй. Харин хэнээс, хэдийг, ямар
нөхцөлтэй авах вэ? гэдэг хамгийн гол асуудал юм. Авлаа гэхэд удаан хугацаатай,
хүү багатай (олон улсын
хэллэгээр soft loan гэдэг), дунд болон урт хугацааны хөгжлийн
суурийг тавих, татвар төлөгчдийн баазыг нэмэгдүүлэх боломжтой зээлийг л авах
хэрэгтэй. Уг ажлын гол зохион байгуулагч нь мэдээж ЗГ байна. Угаасаа хөнгөлөлттэй
зээлийг тэд л авах боломжтой. Юун түрүүнд одоо ТЭЗҮ, үр ашгийн судалгаа хийгдэж
буй бүх төслүүдээ СЯ нэгтгэн, хэрэгцээ шаардлагыг нь дээр миний дурьдсаны дагуу
ангилах шаардлагатай. Гадныхан манайхны ажлын төлөвлөгөөг өхөөрдөн нэрлэдэг wish list
буюу хүслийн жагсаалтаа шүүлтүүрээр шүүгээд priority list буюу заавал хийх ажлын жагсаалтаа боловсруулж байгаад,
мөнгөө гуйвал бүтэх арай амар юмдаа.
Гурав: Төлж чадахгүй нь өөрт ч өрөөлд
ч тодорхой юм чинь төлбөрийн хугацаагаа хойшлуулах (debt restructuring). Заавал
гадны байгууллага гэхгүй бидний дунд ийм ажил хийх чадвартай мэдлэгтэй хүмүүс
зөндөө байдаг юм билээ. Төрийн байгууллагыг оролцуулахгүй, бие даасан
мэргэжлийн багаар хийлгэх нь бараг өлзийтэй болов уу.
Эцэст нь: яриад байх юм байхгүй шууд Standby. Эх адагаа алдцан
яахаа мэдэхгүй сандарцан байгаа үед ямар үед аль ажлыг түрүүлж хийхээ мэддэг
хүмүүсийг урьж ирүүлэх нь бараг шударга болох байх. Адаглаад төсвийн сахилга
бат, зарцуулалтыг сайхан цэгцлээд өгчинө.
Товчхон бичихийг оролдсон боловч
хэтэрхий нуршуу болчлоо. Санаа оноо байвал нэмээд явчина биздээ.
P.S
Нээрээ standby руу орвол зээл тусламж авч чадахгүй гэдэг золбин яриа
явдаг юм билээ. Уг нь ОУВС, хөгжлийн банк, сангууд цаагуураа хармаа хот нэгтэй,
хоорондоо учраа олохдоо нь монголчууд биднээс хамаагүй амархан байгууллагууд
байдаг юм шүү.