Monday, December 12, 2016

Том бизнес хэрхэн явагддаг вэ

Дахиад ТТ той холбон тайлбарлахаас өөр аргагүй нэг сэдэв гараад ирлээ. Нүүрс 200 доллар хүрчихээд байхад бид 29 доллараар зарж байна хэрүүл уруул хийж байж гучин хэд болголоо гэсэн яриаг өөрийхөө зүгээс тайлбарлахыг оролдоё. 

Жижиг бизнес жишээлбэл цайны газар ч юмуу оёдлын цех дээр та өөрөө ханган нийлүүлэгч, бэлтгэн нийлүүлэгч, борлуулагч, санхүүгийн ажилтан, маркетер гэх мэт гүйцэтгэх удирдлагааас эхлээд энгийн ажилтны хийж болох бүх ажлыг хийдэг. Ингэхээс ч өөр аргагүй. Учир нь 5 хүн багтаах ажил дээр 10 хүн ажилуулбал ашиг орлогын тухай яриад яах билээ.

Тэгвэл том бизнест бүх юм яг эсрэгээрээ бөгөөд та бүх зүйлийг өөрөө хийх гэвэл хянах ямар ч боломжгүй болдог бөгөөд хяналтанд юмуу хулгайд алдсан мөнгөө тоолбол шаардлагатай хүмүүсийг хөлсөлж авсанаас хэд дахин их болдог. Тэгээд ч таны бие болоод цаг хүрэлцэхгүй. 

Ийм учраас аливаа том бизнесд value adding chain, supply chain, marketing chain гэх мэтээр бичдэг ерөнхийд нь нэрлэбэл тухайн бизнест оролцоотой хүн бүр хийсэн, хүлээсэн үүргийн хүрээнд ашиг хүртэх сүлжээ заавал байдаг. 

Бүр энгийнээр тайлбарлах гээд үзье. Хонь амьд өвсөө идээд явж байхад арьс нь түүнийг гадны нөлөөнөөс хамгаалахаас өөр ямар ч үүрэг байхгүй, өөрөөс бусдад нэг ч төгрөгний үнэ цэнэ байхгүй. Харин эзэн түүнийг мөнгөний шаардлага гарсаны улмаас нядлах үед эхний өртөг бий болно. Тухайн үед зах зээлийн үнээс хамааран нойтон арьс нь ямар ч үнэтэй байж болох бөгөөд монголд бол ченж гэж бидний нэрлэдэг анхдагч бэлтгэн нийлүүлэгчид зардаг. Тэр хүн нь шууд үйлдвэрт юмуу түүний бэлтгэн нийлүүлэгч дараагийн хүнд хүргэн өгнө. Мэдээж хүн л юм чинь тээвэр, ажилласан хоног, нэхийндээ түрхсэн давс гэх мэт тусын тусын гаргасан зардал бүр дээр ашгаа нэмж л таарна шүүдээ. Үйлдвэрлэгч худалдан авсан нэхийгээ шууд л хувцас юмуу аливаа бүтээгдхүүн гэж зарж чадахгүй тул боловсруулна, эсгэнэ, оёно. Бас л мэдээж зардал гаргасан учраас бүгдийг нь зарах үнэндээ шингээж л таарна. Дэлгүүрт очоол зардал эцэслэгддэг гэвэл бас л үгүй. Зар сурталчилгаа, худалдагчийн цалин, түрээс гээд явж өгнө шүүдээ. Харин хэрэглэгчийн гар дээр очсоны дараа л өртөг нэмэгдэх нь зогсоно. Дээрхи жишээнээс харвал нэг нэхий бүтээгдхүүн болоод дэлгүүрээс хэн нэгэн худалдан авах хүртэл зөвхөн малчин биш зуучлагч буюу ченжийн хөлсөлсөн жолооч, шатахуун нийлүүлэгч, агуулах түрээслэгч, боловсруулагч, үйлдвэрлэгч, түгээгч, худалдагч, дэлгүүрийн эзэн, зар сурталчилгааны агентлаг, хэвлэл мэдээлэл гээд үй олон хүний хөдөлмөр шингэдгийг ойлгоод авчиж болно. 

Хэрэв үүнийг Таван толгойн жишээн дээр хөрвүүлбэл Эрдэнэс ТТ бэлчээр дээрээ нэхийгээ зарж байгаа хонины эзэн, тээврийн компани ченжүүд, хилийн цаана авдаг хятадууд үйлдвэрийн бэлтгэн нийлүүлэгч, нүүрс угаах үйлдвэрүүд боловсруулагчид, үйлдвэрлэгчид, харин эцсийн хэрэглэгч нь төмөрлөгийн үйлдвэр гээл ойлгочиж болох юм. Харин хонины эзэн маань бусад малчидтайгаа нийлж байгаад нэхийгээ бөөнөөр нь аваачиж үйлдвэрт шууд өгөхүү, эсвэл хоорондоо өрсөлдөж эхний бэлтгэн нийлүүлэгчийн аманд орохуу гэдэг бас л сонин асуудлалдаа. 

Эцэст нь сонирхуулахад нэмүү өртөг бий болгох энэ системийг сайтар мэддэг, удирдаж чаддаг, хэрэглэгчээ ойлгодог компани юмуу хувь хүн бидний ярих дуртай Бренд гэдэг юмыг амархаан бий болгодог. Ойрын жишээ Аpple өөрөө утасны үйлдвэргүй, Uber нэг ч таксигүй, бидний өмсөх дуртай хувцасны брендүүд үзээд ч өгөе гэсэн оёдлын үйлдвэргүй байдаг юм шүү. Тэд зөвхөн дээрхи нэмүү өртгийг шингээх сүлжээг хэрхэн удирдах вэ, аль дамжлаг дээр түлхүү анхаарах вэ гэдэг дээр л толгойгоо ажиллуулдаг юм.    





No comments:

Post a Comment