Нэг ажлын ард яаж гарая даа хэмээн бодож байтал бөөсний тухай онигоо
санаанд ороод энэхүү зүйлийг бичихээр шийдлээ. Нэг оюутан зөвхөн бөөсний тухай
уншиж, уншиж шалгалтандаа ороод ямар ч амьтны тухай асуусан бөөстэй холбоод
байхаар нь аргаа барсан багш загасны тухай ярь гэхэд
Оюутан: Загас хэрэв хуурай газар
амьдардаг байсан бол үстэй байх байсан үстэй юм чинь бөөстэй л байж таараа
гэдэг онигоог ихэнхи хүмүүс санаж байгаа байхаа.
Хэдийгээр шог яриа боловч бодит амьдрал дээр иймэрхүү зүйл байнга
тохиолддог бөгөөд ялангуяа чи ямар нэгэн ажил буюу төсөл хийхээр хэн нэгэн
албан тушаалтан дээр очиход дээрхитэй ижил боловч арай өөр аястай яриа байнга
болдог.
Та хөрөнгө оруулалт, мөнгө төгрөгнийхөө асуудлыг ян тан шийдчихээд, автомашины
үйлдвэр байгуулах газар шаардлагатай болоод хэн нэгэн шийдвэр гаргагч за бүр
больё асуудлыг чинь хүлээн аваад дээшээ танилцуулдаг хүн дээр очлоо гэж
төсөөлье. Та ямар үнэтэй, аль зориулалтын, ямар хэрэглэгчид зориулсан төмөр
хөлөг үйлдвэрлэх, хэдэн төгрөгөөр борлуулах, дагаад бий болох ажлын байр,
үйлдвэрлэл, үүнд шаардлагатай тооцоо зэргийг танилцуулахад тэр хүн таниас дугуй
нь хэдэн боолттой талаар асууна. Мэдээж та загварууд дээр ажиллаж байгаа тул хэлэх боломжгүй, хэд ч байж болох байх гэж
хэлэхэд заавал 5 боолттой байх шаардлага тавина. Ажлаа бүтээхийн тулд ямар ч
машин үйлдвэрлэсэн 5 боолттой дугуйтайг хийхийг зөвшөөрөхөөс аргагүй. Ашгүй
ингээд асуудлын ард гарлаа гэж бодсон бол ихээхэн эндүүрч байгаа чинь тэр. Ер
нь чи газраа авчаад 4 юмуу 6 боолттой машин үйлдвэрлэж магадгүй учраас хамгийн
чухал хэсэг болох боолтны тоонд хяналтаа тавихын тулд бизнесийн чинь 51% эсвэл
түүнээс дээш хувийг төр эзэмшихийг тулгаж эхлэнэ. Та маргааны сэдэв хэдийгээр
чухал боловч шийдэж болох асуудал, харин бүтээгдхүүний агаарын бохирдол, зорчигчийн аюулгүй
байдал, борлуулалт эхлэхээр татварт хэдэн төгрөг төлөх хамгийн гол нь гэдгийг мянга яриад
нэмэргүй. Учир нь тэр хүн яагаад, ямар учраас гэдгийг нь өөрөө мэдэхгүй ч унаж
явдаг Япон машины дугуй нь 5 боолтоор боогддог тул хөдөлгөөний аюулгүй байдал,
үйлдвэрлэлд 5-ын тоо ямар чухал, тэр нь Япон чанараар баталгаажсаныг цуцалтгүй давтсаар байх тул та эцэст нь бизнесийхээ 51%-ийг өгөх, эсвэл бүрмөсөн төслөө
хаах хэмжээнд л асуудал шийдэгдэнэ дээ.
За бүр шалдаа буугаад хувиа өгөхөөр
тохирлоо гэхэд үйлдвэрлэлийн эхлэлийн бүх хөрөнгө оруулалт эхний ээлжинд дугуй үйлдвэрлэхэд
зарцуулагдана, чиний тооцоо худлаа тул бид өөрсдийн гэсэн тооцоог гаргаж чи тэр
хөрөнгийг гарга гэж тулгана. Яагаад гэхээр нөгөө л бөөс болсон 5 боолт ямар чухлыг
тайлбарлана. Аягүй бол чи өөрөө машин үйлдвэрлэхээ болиод дугуй нь дээр ч юмуу
гэж бодож магадгүй шүү.
Иймэрхүү зүйл бидний амьдралд байнга тохиолддог болоод удаж, бөөсний тухай
ярихаар инээдэм ханиадам болоод өнгөрдөг мөртөө дүрэм журам хууль гэж үргэлж
бусдыг дээрэмдэж байдаг тогтолцоо нь үүнтэй ижил хошин шог болсныг анзаардаг
хүн хэр олон байдаг юм бол.
P.S ТВ ээр үзүүлж байгаа төртэй гэрээ хийж байгаа том
төсөл хэрэгжүүлэгч, эсвэл хавтастай цаас сугавчлаад яам тамгын газраар явж буй
бизнес эрхлэгчдийг харахаар, эд маань хэн гэж өөрийн гэсэн бөөсний сэдэвтэй хүн
дээр очиж хад мөргөх болдоол гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд орж ирдэг
болждээ.