Tuesday, April 10, 2018

“Жаран цагаан хонь” буюу 60 мянган уншигчтай бестселлер

Сар шинийн баярын үеэр үргэлжилсэн гурван хоногийн урт амралтаар Ц.Оюунгэрэлийн саяхан худалдаанд гаргасан “Жаран цагаан хонь” номыг уншаад төрсөн сэтгэгдэл гэх үү магтаал гэх үү шүүмж гэх үү нэг зүйл санаанд орсноо бичлээ. Энэхүү ном нь үндсэндээ 2 том мессежийг уншигчид, ном зохиогч болон энэ салбарт хүч үзэхээр шийдсэн хүмүүст хүргэх бололтой.

    Сэдэв: 30 аад оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн үргэлжлэл болсон мал сүргийг нийгэмчлэх буюу нэгдэлжих хөдөлгөөний бэлтгэл ажил болсон Дэлхийн 2-р дайны дараах анхдугаар таван жилийн төлөвлөгөө, тэрнийг дагасан алдаа завхрал нь хувь хүмүүсийн амьдрал, Монголчуудын хэдэн мянган жил байгаль дэлхийтэйгээ хоршин тогтож ирсэн мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншилд хэрхэн сөргөөр нөлөөлсөн тухай “Ногоон нүдэн лам” зохиолын 2-р дэвтэртээ ихээхэн баримт судалгаа мэдээлэл дээр тулгуурлан бичжээ. 1945 онд Тусгаар тогтнолоо де факто баталгаажуулсан Монгол Улс сэргэлтийн замдаа орохын тулд урлаг соёл, үзэл суртлаар тархи угаах ажил ид эхэлж байсан үетэй давхцсан тул 1947-1957 онд үргэлжилсэн малчдын эсрэг хэлмэгдүүлэлтийн талаар хүмүүс төдийлөн мэддэггүй олон зүйлийг зохиогч ил гарган тавьжээ. Магадгүй тэр үед төлөвлөгөө тасалсан хэргээр шоронд орсон нь удахгүй суллагдсан, 30 гаруй мянган хүнтэй харьцуулашгүй цөөхөн хүн цаазлуулсан зэрэг нь 30-аад оны хэлмэгдүүлэлт, дайны хахир үетэй харьцуулахад бараг анзаарагдах хэмжээний зүйл биш байсан ч байж болох юм. Одоо итгэхэд бэрх боловч тухайн үед малтай мөртөө чанаад идэх махгүй, цай сүлэх сүүгүй,  гэрээ бүрэх ноосгүй болтлоо хэрхэн ядуурч нэг бол шоронгийн хаалга татсан эсвэл хот хүрээ рүү дүрвэн зугтаасан тухай дүрсэлсэн нь хувийн өмч, хувь хүний эрх чөлөө гэдэг ямар үнэтэй болох талаар энгийн амьдралыг бодит амьдралын түүхээс тунгаан гаргаж ирсэн нь энэ номын өгөх хамгийн том мессеж байж болох юм. Төлөвлөгөө нормоо биелүүлэхийн тулд одоогийн бидний ой тойнд багтахгүй үр хүүхдээ бусдад үрчлүүлэх  өр өвтгөмөөр бодит түүх, явдал номын гол баатар Сэндмаад тохиолдож байсаныг зохиолд дурьдагдсан амьд гэрчүүд батлах болов уу.

Номын маркетинг. Ном бичих тодорхой хэмжээний хүч хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг түүнийг хэвлүүлж борлуулах нилээдгүй зардалтай ажил тул Bestseller буюу арилжааны үүднээс амжилттай бүтээл болгох тал дээр ихээхэн анхаарчээ. Номыг орчин үед дэлгэрсэн буюу энгийнээр тайлбарлавал аль болох уншигчдаа чилээхгүй байх аргаар бичсэн нь уншихад хөнгөн байхаас гадна дараа нь амжилт олсон тохиолдолд дэлгэцийн буюу тайзны уран бүтээл болгон хувиргахад ихээхэн хялбар болгож өгсөн нь таалагдлаа.

Сүүлийн үед хүмүүс хэт гүнзгий утгатай зузаан ном уншихаа больсон ялангуяа ганцхан мессеж олж мэдэхийн тулд хэдэн зуун хуудсыг эргүүлэхээс бүрч залхуурах болсон тул номыг телевизийн сериал үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр бичсэн нь ихээхэн сонин байлаа. Зохиол ерөнхийдөө Сэндмаа Баасан хоёрын ээдрээт хайр дурлал, тэднийг тойрох бусад баатруудтай холбогдох харьцааны болон ахуйн чанартай олон үйл явдлаар тухайн цаг үеийн байдлыг дүрслэн харуулсан. Гэхдээ гол үйл явдал өрнөөд байгаа юм шиг боловч хайр дурлал, амьдрал ахуй дуусашгүй мөнхийн асуудал тул баатруудын амьдралд аливаа нэгэн оршил, өрнөл, тайлал хийхийг оролдолгүй, харин туслах чанарын бодит түүхүүд хэрхэн тохиолдсоныг тоочин өгүүлжээ. Гол болон туслах дүрүүдэд тохиолдсон үйл явдлуудыг тус бүрт нь салган, холихгүйгээр уншиж болохуйц богино үзэгдэл байдлаар цөөхөн хуудсанд багтааж, номыг заавал бүхэлд нь уншиж гүйцээлгүйгээр зарим нэг баатарт тохиолдсон явдал хэрхэн дууссаныг мэдэх боломжтойгоор бичсэн аргачлал олон ангит киноны нэг эсвэл хоорондоо холбоотой хэд хэдэн үйл явдал киноны явц дунд тайлагдаж, дараа нь юу болох бол хэмээх хүлээлт үүсгэхээс гадна үзэгч бүр өөрийн гэсэн үзэн яддаг эсвэл хайралдаг баатартай болгодогтой ихээхэн төстэй болсон байна. Энэ нь мэдээж хэрэг ихэнхи худалдан авагчид харах буюу сонсох байдлаар мэдээлэл авдаг болсон үед борлуулалтын давуу талыг номонд өгсөн үндсэн шалтгаан болов уу. 


Орчин үеийн уншигчдын хэрэгцээ шаардлага дээр тулгуурласан учраас энэхүү номын эхний боть гадаадын зах зээл дээр борлогдож эхэлсэн, 2 дахь боть шилдэг борлуулалттай номын жагсаалтанд баттай багтсан, гуравдах ботийг хүмүүс тэсэн ядах хүлээх үндэслэл байж магадгүй юм гэж бодсоноо хуваалцлаа. 

Эцэст нь блогныхоо нэрэнд тайлбар хийхэд зохиол Монгол ардын уртын дуугаар нэрлэгдсэн, "Ногоон нүдэн лам" ба "Жаран цагаан хонь" хоёрын борлогдсон тоо нийлээд 60 мянгыг 2 нугалах хэмжээнд хүрсэн юм байна лээ шүү.  

Wednesday, October 18, 2017

Хааны ордныхон буюу ТАХ

Саяхан Боловсрол ТВ ээр гарсан “Көсем” хэмээх туркийн киног үзлээ. Эхнэртээ хань болох, бас ярих дундын нэг сэдэвтэй болох гэж дундаас нь хамтдаа үзэж эхэлсэн хэрэг л дээ. Эхлээд баахан хатдын хов жив юм байх гэж бодтол кино маань засгийн эрхийн төлөөх бодит тулааныг харуулсан түүхэн үйл явдлаас сэдэвчилсэн болохоор сүүлдээ эхнэрээсээ илүү “Көсем” ийн улаан фэн болов оо.

Сониуч зан хөдлөөд түүхийн эх сурвалжийг нь хартал Оттоманы эзэнт гүрний түүхэнд 16-17 зууны үеийг Көрюм, Көсем, Турхан гэж гурван хатан агуу хатдын үе гэж тэмдэглэжээ. Манайхаар бол Мандухай сэцэн хатантай дүйхүйц улсууд байсан бололтой. Интернетээр шүүгээд үзсэн ихэнхи хаад нь нэг их удаан төр барьдаггүй байж. Товчхондоо сэнтийн төлөөх цус урсгасан тулаан дандаа болдог байжээ. Одоо манай Засгийн Газар ялих ялихгүй шалтгаанаар солигдоод байгаа, Чингисийн дараах бага хаадын бие биетэйгээ байлддаг хорлодогтой төстэй юмуудаа. Тэгээд өөрөөсөө асуулаалдаа хааны сэнтийн төлөөх тулаан яагаад ийм ширүүн байхад Оттоманы агуу эзэнт гүрэн 1299 – 1922[1] он хүртэл бүхэл бүтэн 6 зууны турш оршин тогтнож, бусад улсуудыг чичрүүлж байсан юм бэ гэж.

Лалын хаад олон эхнэртэй байх бөгөөд мэдээж олон хатнаас олон хүүхэд л төрж таарна шүүдээ. Охин төрбөл гүнж гээд явах бөгөөд харин хүү бол хаан болох нэр дэвшигчээр төрөнгүүтээ албан ёсоор бүртгэгдэнэ. Хаан нас бармагц хамгийн түрүүнд ахмад хүү дараагийн хаанаар тодрох ба цаг үе нь тэр болоод ч тэрүү ихэнхдээ эцэг нэгт эрэгтэй дүү нараа сэнтийд залармагцаа зүгээр алж орхидог, өөрсдөө ч нэг их урт насалдаггүй байж. Мехмед III гэж нэг нөхөр хаан болмогцоо өөрийн 19 дүүг цааш нь харуулсан байх жишээний[2]  Өөрийг нь алахаас л урьтаж байгаа хэрэг шүүдээ. Магадгүй энэ нь ордны самуун, аймшигт өрсөлдөөний үндсэн шалтгаан байсан байх. Хэдэн хатад үр хүүхдийхээ амийг аврахаас гадна болж өгвөл хаан болгож өөрөө Турк Мандухай болох өрсөлдөөний тухай кино өгүүлдэг юм. Гэхдээ энэ бол хүний түүхийн туршид төр гэж үүссэн цагаас бүх улсуудад байсан одоо ч байгаа үзэгдэл юм. Ерөнхийдөө энэхүү тэмцлийг орчин үед улс төр гэж оноосон нэртэй болгочоод үзээд байгаа болохоос үндсэн зарчим хэвээрээ л байгаа байгаа гэсэн үг л дээ.

Миний хувьд ийм аймаар тэмцэлд дунд эртний Ром, Египтийн эзэнт гүрнээс удаан хугацаанд оршин тогтносон гэдэг нь сонин байлаа. Кинонд Зульфикер, Буль буль ага гэх мэт туслах дүрүүд гардаг. Манайхаар бол төрийн нарийн бичиг, газар, хэлтсийн дарга бүр тодруулбал мэргэшсэн төрийн албан хаагчид буюу ТАХ анзааны улсууд юмуу даа. Бас шашны суурьтай, голдуу нэр хүнд бүхий улсуудаас бүрдсэн Зөвлөл гэж юм байсан байна. Манайхаар бол Дээд шүүх хавьцаа гэж ойлгосон. Киноноос ойлгосноор бол шашинд тулгуурласан шүүхийн тогтолцоо болон итгэл үнэмшил дээр тулгуурласан зарчимдаа үнэнч тухайн үеийн төрийн албан хаагчид Оттоманы эзэнт гүрэнг удаан оршин тогтнох үндэс суурь байжээ. Товчхондоо хаадын ухаалаг бодлого биш шашинд тулгуурласан хүчирхэг төрийн бүтэц энэ улсыг 600 гаруй жил оршин тогтнох нөхцлийг хангаж өгчээ. Харин хаан бол зөвхөн шийдвэрийг эцэслэн баталгаажуулагч л байсан байна. 

Монголд ТАХ гэж нэрлэсэн бүх төрлийн бичиг цаас хөтлөх, хадгалах, дамжуулах, шийдвэр гаргалтад шаардлагатай тоо баримт цуглуулах гэх мэт бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй ажиллагсад зөвхөн төрд бус компаниудад ч байдаг. Захиргааны ажилчид гэж нэрлэгддэг эдгээр хүмүүсийн нэршлийг олон улсад цагаан захтан (white collar) эсвэл клерк (clerk)[3] гэдэг. Бодлого гаргах, бодлого хэрэгжүүлэх ажлын хамаг хар бор ажлыг хийдэг энэхүү сүлжээ хамгийн олон хүнийг хамардаг бөгөөд зөвхөн АНУ-д гэхэд 2014 онд 3,1 сая хүн уг ажлыг эрхэлдэг байв. Ийм төрлийн улсууд ямар нэгэн өөрчлөлтөд маш бага өртдөг бөгөөд аливаа ажлыг удирдан зохион байгуулахыг эдгээр улсуудгүйгээр төсөөлөх боломжгүй. Хэн нэгэн бичих, хадгалах, бусад хүмүүстэй нэг бүрчлэн харилцах, жижиг ажлуудыг гүйцэтгэх болон гүйцэтгэлийг хянах бол нэг хүний хийдэг ажил биш болохоор л тэр юм.

Тэгвэл Монголын нөхцөлд энэхүү клеркүүд бий юу? Ойролцоогоор 23 мянга[4] орчим хүн ийм төрлийн ажил эрхэлдэг бололтой. Нийт хөдөлмөр эрхэлж буй 1,13 сая хүний[5] 2% орчмыг эзэлж байна гэсэн үг. Дээр өгүүлснээс ганц ялгаатай нь Монголд буй энэ давхарга маань ямар нэгэн зарчим буюу дүрэмд баригдахгүй зөвхөн салбар салбартаа яам, агентлаг, төрийн болон төрийн бус компаниудын оролцоотой ашиг сонирхолын сүлжээ үүсгээд, хэн хаана юу хийж байгааг сайн мэддэг, бүх бичиг баримт хамаг зүйлийг хянадаг, боловсруулдаг, ганц үг өгүүлбэр ямар давуу тал үүсгэдгийг мэддэг болохоор намуудыг ээлжилж сонгоод сонгоод үр дүн гарахгүй  байгаагийн үндсэн шалтгаан байж ч магадгүй юм. 

Хаанаасаа хаалгач нь гэдэг үгийг ягштал мөрдлөг болгосон энэхүү сүлжээг устгах гэдэг өөртэйгөө байлдахтай бараг ялгаагүй тул төрийн зүгээс нэгдмэл удирдлагад оруулах, ухаалаг буюу чиг үүргийн давхардлыг арилгах, сүлжээний оролцогсод хоорондоо шууд харилцаа үүсгэхээс хамгаалах буюу цахим орчныг бүрдүүлэх, бүртгэлжүүлэх зэрэг асуудлыг шийдэхгүйгээр улс орон хөгжих тухай бодоод ч хэрэггүй юм.     


   



[1] https://en.wikipedia.org/wiki/Ottoman_Empire
[2] https://en.wikipedia.org/wiki/Mehmed_III
[3] https://en.wikipedia.org/wiki/Clerk
[4] https://www.slideshare.net/UnuruuDear/ss-56109162
[5] http://www.nso.mn/content/1347#.WehEVWiCy00

Wednesday, October 11, 2017

Улс гэдэг нэг л том айл юм - 2

Дундговийн дунд хавиар нутагладаг манайх гэдэг айл 2 айлтай бараг мөнхийн гэмээр саахалт буудаг байлаа. Хэдий хариулж буй малын ихэнхи нь хувьсгалынх, хувийнх цөөн ч гэсэн хаврын хахир цагаас бусад үед өвөл зунгүй нойтон мах идэж, намар наргиж цэнгэсэн, хавь ойрыхныг гэртээ урьсан дуудсан айл бол баян Балдан гуайнх, харин олон хүүхэдтэй болоод ч тэрүү угийн дуу цөөтэй болоод ч тэрүү хүн амьтантай нэг их нийлж дарвиад байдаггүй зожигдуу нөгөө нэг хөрш Зундуй гуайг нутгыхан Зутруу гэж хочлоно. Нэг их ялгараад байх хөрөнгө мал хунаргүй хоёрын хоч энэ зангаас нь болсон ч байж магадгүй гэж сүүлд бодогдож билээ. Хожим сонсохнээ баян Балдан гуай нэгдлийн тоо бүртгэгчтэй ураг садны холбоотой тэрүүнтэйгээ хуйвалдаж хувийн малынхаа тоог дардаг, мах, сүү ноосны даалгавраа нэмүүлж бичүүлдэг л байсан юм байналээл дээ. Сонин шүү хүүхдүүд нь хүртэл эцэг эхийгээ яг дуурайгаад Балдан гуайн хэд нилээд үрэлгэн, цайлган, баярхуу болж өссөн бол Зундуй ахын хүүхдүүд дув дуугай, тэрүүхэн тэндээ өөрсдийгөө борлуулаад байдаг болцон байсан юмдаг.

За тэр ч яахав ярих гэж байгаа түүх маань мал хувьчилсан 90 ээд оноос хойшхи явдал юм. Хувьчилж авсан хэдийгээ яаж үрж цацах нь өөрсдийн дур болсон хойно зүгээр авсан малаа яасан ийсэн тухай манай нутагаар янз бүрийн л яриа сонсогдсон, харин манай хоёр хөршид тохиолдсон явдал нүдэн дээр болсон тул л яриад байгаа юм шүүдээ. Балдан гуай 200 орчим хонь голдуу бог, 5 билүү 6 үхэр хэдэн адуу нийлсэн арваад бог хувьчилж авсан юм. Нэгдлийн малыг тэнцүүхэн хувааж авсан болохоор, бүгд л хүүхдийн тоо ойролцоо тул ам бүлд нь хуваахаар бүгд л тэр анзааны малтай болсон санагдаад байна. 4 хүүхэд нь хотод амьдардаг, сургуульд сурдаг болохоор өвөл бүр тэднийхээ идшийг бэлтгэнэ. Хүний тоогоор 1 үхэр, 4 хонь ёс юмшиг явуулна. Бас хүүхдийн сургалтын төлбөр гээд бас 1 бод 10 аад хонь гаргана. Өөрсдөө харин хэдийг гаргадаг байсныг мэдэхгүй юм ямар ч чиг байсан малых нь тоо олигтой өсдөггүй байсан юм. Уг нь хар ухаанаар бодоход жилд сувайгаа хасаад 140 хурга, 4 таван тугал бойжуулдаг гэж бодохоор тоо нь овоо юм гараад байдаг, өсөхгүй байсныг бодвол найрлаж, идэж уух нь хэтэрдэгээс гадна илүү дутуу мотоцикль, 69 гээд бусад хүн юу л авна дагаад л аваад байдгаас болсон боловуу. Хориод жил болсон хойно баян Балдан гуайд нэмэгдсэн юмыг харахаар гаднаа нэг хуучин портер, гэрт нь төслөөр өгсөн нарны зайгаар ажилладаг тэлвийзрээс өөр юм бараг байхгүй нөгөө л цөөн хэдэн хонь, үхэр бахь байдгаараа байж байх. Хэдэн хүүхэд чинь том болцон ажил амьдрал тусдаа ирж тусалдаггүйм гэхэд ядахдаа таниар хоолоо бэлдүүлэхээ больж болдоггүй юм уу гэхээр дуугайл тамхиа баагиулаад суух. Өвөл дөхөхөөр утас шөрмөсөөр нэхэж хоолоо бэлдүүлж авчаад бусад үед нь үзэгддэггүй хүүхдүүсээ ичдэг байсан болов уу.  

Харин Зутруу Зундуй гуайн түүх бүр сонин. Олны жишгээр хүүхэд нь хот хүрээ бараадсан ч гэсэн, тэдэн рүүгээ барагтай бол хүнс хоол явуулахгүй, хааяа нэг өөрсдөө ирвэл хонины өрөөл мах, ааруул, ээзгийнээс илүү юм хялалгайхгүйдээ харин ч нэг. Мал нэг үржихээрээ ёстой нүдэн дээр хот байтугай тал дүүрээд ирдэг юм байналээ. Хувьчилж авснаас хойш, 8 билүү 9 жилийн дараа манай сумаас анхны мянгат болдог юмдаа. Бид нар ийм олон малтай байж хэдэн хүүхэддээ олигтой хялайлгахгүй нэрэндээ таарсан амьтан гээд муулдаг байсан ч хожим, хүүхдүүд нь бизнес хийдэг хааяа мөнгө дутаад хэрэг болох үед малаа бөөнөөр нь борлуулаад мөнгө явуулдаг байсан юм байна лээ. Нэг ёсны хөрөнгө оруулагч нь байж. Нэг удаа явуулахдаа 50 хониноос дээш борлуулдаггүй гэхийг нь сонсоод хашрыг нь гэхүү харамчийг нь гэхүү гайхаж билээ. Дараа нь бүр сонин, мянгат болсон юм чинь хэзээ 2 мянгат болох бол гэсэн байдаггүйээ. Бас л асуусан чинь олон мал дагаж бие хүрэхгүй нь мянгаас давсан бүгдийг борлуулаад хэдэн хүүхдүүдийн ажил төрөлд нэмэр болог гэж өгөөд байгаа, хөөрхийс насаараа дутуу гацуу явсан юм гэж хариулдаг байгаа.

Одоо малын үнэ буугаад юмны үнэ өссөн болохоор Баян Балдан гуай нөгөө хэдэн хүүхдийх нь хэрэгцээг хангах гэж мөнгө зээлүүлсэн банкны малыг хариулаал, намаржингаа нутагтаа айрагдаж бууриа сахисан хэвээр, харин Зутруу Зундуй ах бүх малаа борлуулаад хотруу нүүж, бизнес өргөжиж мундаг баячууд болсон хүүхдүүдийхээ буянаар том байшинд амьдарч, нутгийхаа ах дүүсийг урьж дуудаж хуучны сонин хачнаа дурссан шигээ амьдран суудаг юм даа.  


Нэг сонин нь нэр хоч өөр мөртөө хоёулаа “Малын буян ихээ” гэдэг юм шүү.           

Tuesday, October 10, 2017

Улс гэдэг нэг том айл л юм

.
Манайх долоон буудлын айл. Хөрш хашаанд Төрбат гуайнх байдаг. Эхнэр нь Түмэн гээд жигтэйхэн цайлган эгч байх. Юу ч үгүй мөртөө хүн ороод ирэхээр байгаагаа гаргаад дайлах гэнэ. Гурван сайхан хүүтэй. Том ах Эрдэст нь надаас нилээд хэд ах, харин дараагийн хоёр хүү Оюут, Ухаат хоёр бараг миний үе. Эрдэст нь жигтэйхэн ажилсаг мөртөө, хүний юу гэнэв За л гэнэ. Аавын үгнээс гарахгүй. Харин ээжтэйгээ жоохон тоомжиргүй хандах маягтай. Оюут нь нилээд зальтай байрын өөрийгөө борлуулаад явчдаг ах байсан. Гэхдээ хүнд юм өгөх тун дургүй, өгснөө буцааж авах мөртөө заавал араас нь өөрийгөө магтдаг хачин зантай. Ухаат ажилсаг, мөртөө ээжийгээ дуурайсан юмуу байгаагаа хүнд өгчөөд өөрөө хоосон явж байх. Гэхдээ тэр гурав ямар ч байсан сурлага сайтай, ажилсаг, сургууль хамт олондоо нэр хүндтэй байсан нь үнэн юмдаг.

Төрбат гуай хаана ч билээ нэг бараа баазад бэлтгэн нийлүүлэгч билүү тоо бүртгэгч хийдэг харин Түмэн гуай гэртээ хүүхдүүдээ хараад сууна. Цалин багатай, гурван эрэгтэй хүүхэдтэй, эхнэр гэртээ суудаг болохоор Төрбат гуайх нилээд зутруухан амьдардаг байлаа. Голдуул мах гурил, хүүхдүүд нь харин амттан шимттэний бараа ховорхон харна. Харин Түмэн эгч 2 ахтай, тэд нар овоо бийлэгжүү юм болохоороо хааяа гэр орны бүрээс, түлээ түлш гээд томоохон юман дээр байнга тусалдаг гэж эмээ ярьж байсныг санаж байна. Гэхдээ юм дандаа нэгээрээ байх биш гурван хүүхэд нь томрохын хирээр тэдний амьдрал нилээд сайжирч эхлэв. 3 хүү нь эхлээд ачаа даахтайгаа  болмогц зуныхаа амралтаар аавыхаа ажлын газар ачигч хийнэ,  өвөл станцын хаягдал нүүрсийг савалж зарна, айлын мод хөрөөдөж хурааж өгнө гээд аавдаа их л тусалдаг байв. Нэг хүн биш 4 хүн зэрэг хөдлөхөөр айл гэрийн амьдрал сайжралгүй яахавдээ.

Сониноос амьдрал сайжраад ирмэгц Түмэн эгч хүн нэмбэл хүнс нэмэгддэг юмаа гээд дахиад нилээд ойрхон 4 хүүхэд төрүүлчдэг байгаа. Тэд нар оройтож төрсөн, ах нартай болохоороо нилээд дураараа, айхтар ховч, залхуу, эрх нөхдүүд л болж өссөндөө. Гурван хүү нь сургуулиа төгсөөд ажилд орж, өөрсдийн бизнестэй болоод ирэхээр Төрбат ах, Түмэн эгч хоёрын зан жигтэйхэн өөрчлөгдөж, ийм хүмүүс байсан юмуу гэмээр болж ирэв. Угаасаа өлөн зэлмүүн байсан болоод тэрүү үрэлгэн гэж жигтэйхэн. Ямар ч хэрэггүй гэмээр юмыг хашаандаа овоолоод байх. Тэрнийгээ зүгээр ч авчихгүй дандаа зээлээр авна. Нөгөө зээлийг нь дуулгавартай гурван хүү дандаа төлнөдөө. 

Дээр нь гурван хүүгээ тусад нь гаргаж, бие даалгахын оронд хажуунаасаа салгах жигтэйхэн дургүй. Лав миний мэдэхийн Эрдэст Ухаат 2 хоёр билүү гурван удаа нилээд аятайхан хүүхэн гэртээ авчираад Төрбат ахын аашийг дийлэлгүй буцсан юмдаг. Оюут харин нэг хүүхэнтэй суусан.  Гэхдээл гурвын гурван эрийн цээнд хүрсэн эр хүн хөдөлж байсан болохоор амьдрал нь улам дэгжиж, ажилсаг гурван хүү ч улам мөнгө олж байлаа. Харин Төрбат ахын ааш өдөр ирэх тусам хувирч, би та нарыг өсгөсөн хүмүүжүүлсэн, зовсон гэж мөн ч их зовоодогсон. Байнга л ийм ч юм авна, машинаа солино, бүх хүүхдүүд ач гучтайгаа амьдарсанч багтахаар том байшин барина хэмээн аашлаж, нөгөө муу гурвын олсон болгоныг хамж авна. Дөрвөн эрх дүү бол бас зүгээр байлгахгүй шүү дээ байнга хармааны мөнгө гуйна илүү дутуу юм авахуулна. Хэрэв өгөхгүй бол аавдаа ховлоно. Бөөн дайн болдогсон. Түмэн эгч хааяа чи энэ гурван хүүхдээ битгий ингээчдээ, наадуулыгаа зөнд явуул гэхээр би мэдэж байна, би та нарын төлөө ясаа цайтал зүтгэсэн л гэнэ. 

Юм нэгээрээ байдаггүй гэж түрүүн хэлснээр тэднийх тэр хавьдаа байхгүй том байшин барьж, хавь ойрын хүмүүсийг гайхуулахаар барахгүй нөгөө гэр бүлээрээ бөөнөөрөө амьдрах асуудал аав нь санаачилснаар тэдний амьдрал орвонгоороо эргэвээ.

Төрбат гуай өөрийн, эхнэрийн тэтгэвэр, гурван хүүгийхээ орлогыг барьцаалж 100 сая төгрөгийн зээл авбаа. Байшингаа бариад эхэллээ, би энэ том байшин хашаанд багтах л юм байхдаа гэж бодох.  Нэг өдөр байшингийхаа дээврийг хадах гэж байтал хүчтэй салхи гарч, Ухаат Эрдэст хоёр нисчдэг байгаа. Аз болоход харин Оюут нь байшин дотроо өөр юм хийж байсан юм байналээ. Ингээд л бүх юм буруугаараа эргэв. Нугас нуруундаа гэмтэл авсан хоёр хүүгээ эргэж тойрох, ажилгүй хэдэн эрх хүүхдээ хооллож ундлах, хамгийн хэцүү нь банкнаас авсан нөгөө их зээлийг эргүүлж төлөх гэдэг дааж давшгүй ачаа 2 хөгшний нуруун дээр бууж ирвээ. Одоо хоёр хөгшин хамаг юмаа хямдхан зарах, эсвэл таньдаг хүн амьтнаас мөнгө зээлэх зэргээр хоног өдрөө хэцүүхэн л өнгөрөөж байгаа харагддаг. Оюут хүү нь харин ийм үед өөрийгөө бодоод тусдаа гарсаныг би зөв буруу гэж хэлж мэдэхгүй юм харин эмнэлэгт байгаа 2 залууг эдгээд амьдрал нь хэвэндээ ороосой, хэрэв аав ээжээсээ бие даагаад тусдаа байсан бол энэ айлын амьдрал ингээчүү үгүй ч үү  гэж боддогдоо...................

Дээр бичсэнээс Түмэнгийн 2 ахыг манай 2 хөрш,  хүүхдүүдийн тусад орсныг 90 ээд он, насанд хүрсэнийг уул уурхай цэцэглэж байх үе, дүү нарын хов жив, аавых нь зан авирыг улс төр, 100 сая төгрөгийг утга учиргүй зээлсэн бондын өр гэж ойлговол яагаад бид өнөөдөр ийм байдалд хүрснээ жоохон ч болтугай ухаарах болов уу гэсэн үүднээс энэхүү нийтлэлийг бичлээ.


Thursday, May 11, 2017

Ерөнхийлөгч. Үнэхээр тийм чухал суудал уу?

Монгол Улсын Үндсэн Хуулийн 1 болон 3-р бүлэгт төрийн эрхийг ард түмэн төлөөллийн байгууллагаараа дамжуулан барих буюу УИХ гэсэн парламентын засаглалтай байна хэмээн тов тодорхой заасан байдаг. 

Гэвч Ерөнхийлөгч хэмээх субьектыг бэлэг тэмдэг байдлаар оруулж ирээд, дээр нь санаатай буюу санамсаргүй байдлаар шүүх засаглалыг томилох эрхийг өгснөөр хэрэв эрх барьж буй намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч сонгуульд ялбал хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдэл гэсэн салангид байж бие биенээ хянах үүрэгтэй гурван зүйлийг нэг шугаманд жагсаах боломжийг  гаргаж өгчээ. Нэгэнт ганцаараа бүх шийдвэр гаргах боломжоор абсолют биш гэхэд бусдаасаа хэд дахин илүү энэхүү суудалруу ялсан намын дарга заавал зүтгэдэг заншил 2000 он гарсаар нэгэт тогтжээ. 

Иймээс нам хэмээх олон бүлэг фракцыг ЗГ-ийн тэргүүн эсвэл сөрөг хүчинтэй УИХ-ын дарга болж удирдах, уялдуулах, учрыг нь олох гэж махаа идэж байхаар Ерөнхийлөгч болоод хууль шүүхээр далайлган хийх хялбар хэмээн ихэнхи нь үздэг бололтой юм билээ. Тэгээд бас ч үгүй хууль санаачлах эрх Ерөнхийлөгчид байгааг ч хэлэх үү. 

ЭЗ-ийн засгийн хүндрэлтэй, 2016 оны сонгуулиар УИХ-д 65 суудлыг МАН авсан өнөө үед 2017 оны 5 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль дээр дурьдсан шалтгаанаар Монгол Улсад гарцаагүй эргэлтийн цэг болохоор байгаа юм. 

Нөхцөл байдал дээр үндэслээд гурван нэр дэвшигчийн газрын наймаа, карьерист болохоос хийж бүтээсэн зүйлгүй, хулгайч, ард түмний эв нэгдлийг хагалан бутаргах замаар төслүүдээр дамжуулан ихээхэн өмч хөрөнгө шамшигдуулсан, одоогийн төрийн бузар булай бүхний эхлэлийг тавьсан хэмээх түмэн зүйлийн эцэслэн батлагдаагүй зүйлүүдийг орхиод хэн нь ялбал ямар үр дүн гарах вэ гэдгийг таамаглах гээд үзье. 

  1. МАН-ын нэр дэвшигч М.Энхболд. Энэхүү эрхэм ялалт байгуулбал, намын дотоод зохион байгуулалтыг абсолют эрхээрээ далайлган цэгцлэх ба хүлээгдэж буй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх явц илүү хурдтай эмх цэгцтэй явах магадлалтай. Сул тал нь гэвэл нам гэдэг олон хүнээс бүрддэг учраас 2021 онд намын зүгээс нүүрээ буруулж, иргэдийн хүсэн хүлээгээд байгаа тогтвортой байдал ердөөл 2017 оны 8-р сараас 2019 оны 12 сар хүртэл 28-хан сар үргэлжлэх юм. Гэтэл манай улсад тулгамдсан асуудлыг ийм богино хугацаанд шийдвэрлэх ямар ч боломжгүй юм. 
  2. АН-наас нэр дэвшигч Х.Баттулга. Шүүхийг мафи болгоно хэмээн өрсөлдөгч талаас харлуулж буй энэхүү эрхэм сөрөг пиарын дагуу шүүх засаглалыг бүрэн утгыг нь санаатай буюу санамсаргүйгээр алдуулах магадлалтай. Гэвч энэхүү төсөөлж буй систем өөрсдөд нь халгаатай тул хууль тогтоох эрх мэдлийг барьж буй МАН-ын зүгээс үндсэн хуульд өөрчлөлт оруулан, хүчтэй Ерөнхий сайд бүхий Парламентын засаглал руу яаравчлан шилжихээр хөдлөх болов уу. Угаасаа ч энэ хувилбарт бэлтгэж буй нь сүүлийн үед яригдаад байгаа Үндсэн хуулийн талаархи зөвшилцөлийн үйл явцаар батлагдаж байна хэмээн үзэж болох талтай.   
  3. МАХН-наас нэр дэвшигч Н.Энхбаяр. Энэ хүний нэр дэвших эрхийн талаар хэлэхэд үнэхээр төвөгтэй бөгөөд нэр дэвшсэн тохиолдолд ялах магадлал нөгөө хоёроосоо хувь илүү. Хэрэв ялсан тохиолдолд тангараг өргөсөн даруйдаа УИХ-ыг тараах, дахин сонгууль явуулах гэх мэт эмх замбараагүй байдлыг үүсгэх үйл ажиллагааг шууд хийж эхлэнэ. Учир нь дээр дурьдагдсан Үндсэн хуулийн өөрчлөлт өөрийх нь төлөвлөгөөг бүрэн сүйрүүлж, улс төрөөс нэгмөсөн арчигдах үндэслэл болохыг маш сайн мэдэж байгаа. Уг хүн гарснаар олон жилээр үргэлжлэх эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй. 
Энэхүү товч зүйлийг уншаад өөрсдийн дүгнэлтээ хийн, эргэцүүлэн бодож үзээрэй. 


    

Thursday, January 12, 2017

Утааг арилгах боломж бий юу

Мэдээж байгаа гэхдээ энэ ажлыг хийхэд хэд хэдэн орц зайлшгүй шаардлагатай эдгээрийг яс хийгээд явахад 5 жилийн дараа гэхэд бүрэн арилдаггүй юм гэхэд 20-30% буурах боломжтой. 

  1. Онцгой нөхцөлд тохирсон хууль гарган, тэр нь бүгдэд тэгш үйлчилдэг байх
  2. Бодит байдал дээр тулгуурласан тодорхой төлөвлөгөөтэй байх
  3. Хөрөнгийн эх үүсвэр
  4. Иргэдийн идэвхи санаачлага 

Хууль үйлчлэхийн хувьд хориглосон газар түүхий нүүрс бусад зүйлсийг түлэхийг хориглох, зөвшөөрсөн газар нэг хашаанд нэг яндан, уг яндангаас гарах утааны хэмжээний стандарт хэмжээг нарийвчлан зааж өгөх гэх мэт хатуу боловч ирээдүйд учрах хор хохирлоос сэргийлсэн хууль гаргах шаардлагатай болно. Мэдээж энийг хийх шиг амархан зүйл байхгүй. Учир нь цаасан дээр суугаад бичлээ, баталлаа, хүчин төгөлдөр мөрдөх хугацаа, хэн хэрэгжүүлэхийг үүрэгдлээ гэсэн дарааллыг бид угаасаа хийгээд сурсан улсууд. 

Бодит байдал дээр тулгуурласан төлөвлөгөөтэй байх. Мэдээж хууль батлагдсан тул хариуцах хариуцах газар албан тушаалтнууд бас л дор бүрдээ төлөвлөгөө боловсруулна. Гэхдээ энэ шатнаас эхлээд л утааны эсрэг тэмцлийн дампуурал эхлэнэ. Сүүлийн хэдэн жил хийсэн авсан арга хэмжээнүүд бусад орнуудад болоод, үр дүнгээ өгөөд байгаа мөртөө манайд холион бантан болсон үндсэн шалтгаан нь:  
  • Гэр хороололд бүхэлд нь тохирох ганцхан жор л хайгаад байсан болохоос гэр хороолол юунаас бүрддэг, ямар нийгмийн бүлэгүүд оршдог, өөр өөр хороо байтугай гудамжны 2 үзүүрийн айлуудын нөхцөл байдал шал өөр гэдгийг байнга орхигдуулснаас санал болгоод байгаа аргууд санаа нь сайхан боловч саармагжиж эхэлдэг. 
  • Дараагийн ээлжинд төрийн байгууллагуудын харилцан уялдаагүй байдал. Хэн нэг нь эсвэл аль нэг алба, байгууллага уг ажилд тэргүүлээд эхлэхээр бусад нь дэмжихийн оронд миалах муулах, дэгээдэж унагаах ажиллагаа шууд эхэлдэг эсвэл асуудал өөрөөс нь холдсонд баярлаад огт хамаагүй царайлаад идэвхигүй байдалд ордог. Зүй нь утаагүй зуух тог цахилгааны хүртээмж муу газар тараагаад, төв хэсэгтээ халаагуур тараагаад явсан бол эдийн засгийн хувьд ч тэр, үр дүнгийн хувьд ч тэр арай л дээр байх байлаа
Дээрхи 2 зүйлээс харахад төрийн байгууллага гэр хороолол ямар бүтэцтэй, яагаад үүсэж бий болсон, ямар учраас улам тэлээд байгаа, ямар зовлон жаргалтайг яс махандаа тултал ойлгож, хоорондоо энгийн найрсаг хамтарсан байдлаар ажилладаг болоогүй цагт сайн төлөвлөгөө боловсрох, нөгөө боловсруулаад байгаа хууль, дүрэм, төлөвлөгөө хэрэгжих тухай санаад ч хэрэггүй юм.

Хөрөнгийн эх үүсвэртэй байх. Мэдээж аливаа ажлыг хийхэд хөрөнгө мөнгө шаардлагатай. Наад захын жишээ хэлэхэд цахилгааны тарифыг тэгэллээ гэхэд станцуудын алдагдлыг хэн төлөх, халаагуур авч чадахгүй байгаа айлуудад цахилгаан төхөөрөмж авч өгөх, тэр эх үүсвэрийг хаанаас олох гээд үй олон санхүүгийн асуудал гарч ирнэ. Ялангуяа онцгой байдал зарлаж, хурдан хугацаанд хийх шаардлагатай болсон үед зардал мөнгө тэнгэрт хаддаг жамтай. Ирээдүйд учрах хохирлоос өнөөгийн зардал бага байх нь тодорхой боловч байнга онцгой байдлаар өндөр зардлаар ажлаа хийгээд байвал угаасаа муу байгаа эдийн засаг дааж гарах нь эргэлзээтэй. Иймд ирэх 2 жилд аргацаахаас гадна ирээдүйд яах вэ гэдгээ бодох шаардлага гарна. 

Иргэдийн идэвхи санаачлага. Гэхдээ энэ асуудал өндөг анхдагч уу тахиа анхдагч уу гэсэн төрийн чадавхийн асуудал руу яаж ийж байгаад эргээд очих тул тэмцээд хашгираад өөрсдөө уриалаад байгаа нийгмийн идэвхитэй цөөхөн хэдэн хүнээс бусад нь цагаа тулахаар төр зохион байгуул, төр мөнгө гарга, төр шийд гээд байхаас нээрээ хуулиа дагая гэхгүй л болов уу.  

Хийх ажилд шаардлагатай орцуудаа логик байдлаар дараалуулаад үзэхэд хууль дүрэм батлахаас доошлох тусам хэрэгжих магадлал улам багасаад байгааг уншсан хүмүүс жоохон ч болтугай анзаарсан байхаа. Угаасаа энэ зовлон ганц утаан дээр ч байгаа юм биш манай улсад тохиолдож байгаа бүх гамшиг зовлонд байдаг нийтлэг асуудал болоод удаж, бүгд тэрүүндээ дасаж.  

Эцэст нь өнөөгийн энэ утаа ядуурлын, ухамсар доройтлын, чадваргүйдлын, эмх замбараагүйдлийн утаа болохоос нүүрсний утаа биш гэсэн дүгнэлтэнд хүрсэнээ л та бүхэнд хэлэх гэсэн юм. 

    

Saturday, December 17, 2016

Загас хэрэв бөөстэй байсан бол

Нэг ажлын ард яаж гарая даа хэмээн бодож байтал бөөсний тухай онигоо санаанд ороод энэхүү зүйлийг бичихээр шийдлээ. Нэг оюутан зөвхөн бөөсний тухай уншиж, уншиж шалгалтандаа ороод ямар ч амьтны тухай асуусан бөөстэй холбоод байхаар нь аргаа барсан багш загасны тухай ярь гэхэд

Оюутан:  Загас хэрэв хуурай газар амьдардаг байсан бол үстэй байх байсан үстэй юм чинь бөөстэй л байж таараа гэдэг онигоог ихэнхи хүмүүс санаж байгаа байхаа.

Хэдийгээр шог яриа боловч бодит амьдрал дээр иймэрхүү зүйл байнга тохиолддог бөгөөд ялангуяа чи ямар нэгэн ажил буюу төсөл хийхээр хэн нэгэн албан тушаалтан дээр очиход дээрхитэй ижил боловч арай өөр аястай яриа байнга болдог.

Та хөрөнгө оруулалт, мөнгө төгрөгнийхөө асуудлыг ян тан шийдчихээд, автомашины үйлдвэр байгуулах газар шаардлагатай болоод хэн нэгэн шийдвэр гаргагч за бүр больё асуудлыг чинь хүлээн аваад дээшээ танилцуулдаг хүн дээр очлоо гэж төсөөлье. Та ямар үнэтэй, аль зориулалтын, ямар хэрэглэгчид зориулсан төмөр хөлөг үйлдвэрлэх, хэдэн төгрөгөөр борлуулах, дагаад бий болох ажлын байр, үйлдвэрлэл, үүнд шаардлагатай тооцоо зэргийг танилцуулахад тэр хүн таниас дугуй нь хэдэн боолттой талаар асууна. Мэдээж та загварууд дээр ажиллаж байгаа  тул хэлэх боломжгүй, хэд ч байж болох байх гэж хэлэхэд заавал 5 боолттой байх шаардлага тавина. Ажлаа бүтээхийн тулд ямар ч машин үйлдвэрлэсэн 5 боолттой дугуйтайг хийхийг зөвшөөрөхөөс аргагүй. Ашгүй ингээд асуудлын ард гарлаа гэж бодсон бол ихээхэн эндүүрч байгаа чинь тэр. Ер нь чи газраа авчаад 4 юмуу 6 боолттой машин үйлдвэрлэж магадгүй учраас хамгийн чухал хэсэг болох боолтны тоонд хяналтаа тавихын тулд бизнесийн чинь 51% эсвэл түүнээс дээш хувийг төр эзэмшихийг тулгаж эхлэнэ. Та маргааны сэдэв хэдийгээр чухал боловч шийдэж болох асуудал, харин бүтээгдхүүний агаарын бохирдол, зорчигчийн аюулгүй байдал, борлуулалт эхлэхээр татварт хэдэн төгрөг төлөх хамгийн гол нь гэдгийг мянга яриад нэмэргүй. Учир нь тэр хүн яагаад, ямар учраас гэдгийг нь өөрөө мэдэхгүй ч унаж явдаг Япон машины дугуй нь 5 боолтоор боогддог тул хөдөлгөөний аюулгүй байдал, үйлдвэрлэлд  5-ын тоо ямар чухал, тэр нь Япон чанараар баталгаажсаныг цуцалтгүй давтсаар байх тул та эцэст нь бизнесийхээ 51%-ийг өгөх, эсвэл бүрмөсөн төслөө хаах хэмжээнд л асуудал шийдэгдэнэ дээ. 

За бүр шалдаа буугаад хувиа өгөхөөр тохирлоо гэхэд үйлдвэрлэлийн эхлэлийн бүх хөрөнгө оруулалт эхний ээлжинд дугуй үйлдвэрлэхэд зарцуулагдана, чиний тооцоо худлаа тул бид өөрсдийн гэсэн тооцоог гаргаж чи тэр хөрөнгийг гарга гэж тулгана. Яагаад гэхээр нөгөө л бөөс болсон 5 боолт ямар чухлыг тайлбарлана. Аягүй бол чи өөрөө машин үйлдвэрлэхээ болиод дугуй нь дээр ч юмуу гэж бодож магадгүй шүү.

Иймэрхүү зүйл бидний амьдралд байнга тохиолддог болоод удаж, бөөсний тухай ярихаар инээдэм ханиадам болоод өнгөрдөг мөртөө дүрэм журам хууль гэж үргэлж бусдыг дээрэмдэж байдаг тогтолцоо нь үүнтэй ижил хошин шог болсныг анзаардаг хүн хэр олон байдаг юм бол.

P.S ТВ ээр үзүүлж байгаа төртэй гэрээ хийж байгаа том төсөл хэрэгжүүлэгч, эсвэл хавтастай цаас сугавчлаад яам тамгын газраар явж буй бизнес эрхлэгчдийг харахаар, эд маань хэн гэж өөрийн гэсэн бөөсний сэдэвтэй хүн дээр очиж хад мөргөх болдоол гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд орж ирдэг болждээ.