Wednesday, October 11, 2017

Улс гэдэг нэг л том айл юм - 2

Дундговийн дунд хавиар нутагладаг манайх гэдэг айл 2 айлтай бараг мөнхийн гэмээр саахалт буудаг байлаа. Хэдий хариулж буй малын ихэнхи нь хувьсгалынх, хувийнх цөөн ч гэсэн хаврын хахир цагаас бусад үед өвөл зунгүй нойтон мах идэж, намар наргиж цэнгэсэн, хавь ойрыхныг гэртээ урьсан дуудсан айл бол баян Балдан гуайнх, харин олон хүүхэдтэй болоод ч тэрүү угийн дуу цөөтэй болоод ч тэрүү хүн амьтантай нэг их нийлж дарвиад байдаггүй зожигдуу нөгөө нэг хөрш Зундуй гуайг нутгыхан Зутруу гэж хочлоно. Нэг их ялгараад байх хөрөнгө мал хунаргүй хоёрын хоч энэ зангаас нь болсон ч байж магадгүй гэж сүүлд бодогдож билээ. Хожим сонсохнээ баян Балдан гуай нэгдлийн тоо бүртгэгчтэй ураг садны холбоотой тэрүүнтэйгээ хуйвалдаж хувийн малынхаа тоог дардаг, мах, сүү ноосны даалгавраа нэмүүлж бичүүлдэг л байсан юм байналээл дээ. Сонин шүү хүүхдүүд нь хүртэл эцэг эхийгээ яг дуурайгаад Балдан гуайн хэд нилээд үрэлгэн, цайлган, баярхуу болж өссөн бол Зундуй ахын хүүхдүүд дув дуугай, тэрүүхэн тэндээ өөрсдийгөө борлуулаад байдаг болцон байсан юмдаг.

За тэр ч яахав ярих гэж байгаа түүх маань мал хувьчилсан 90 ээд оноос хойшхи явдал юм. Хувьчилж авсан хэдийгээ яаж үрж цацах нь өөрсдийн дур болсон хойно зүгээр авсан малаа яасан ийсэн тухай манай нутагаар янз бүрийн л яриа сонсогдсон, харин манай хоёр хөршид тохиолдсон явдал нүдэн дээр болсон тул л яриад байгаа юм шүүдээ. Балдан гуай 200 орчим хонь голдуу бог, 5 билүү 6 үхэр хэдэн адуу нийлсэн арваад бог хувьчилж авсан юм. Нэгдлийн малыг тэнцүүхэн хувааж авсан болохоор, бүгд л хүүхдийн тоо ойролцоо тул ам бүлд нь хуваахаар бүгд л тэр анзааны малтай болсон санагдаад байна. 4 хүүхэд нь хотод амьдардаг, сургуульд сурдаг болохоор өвөл бүр тэднийхээ идшийг бэлтгэнэ. Хүний тоогоор 1 үхэр, 4 хонь ёс юмшиг явуулна. Бас хүүхдийн сургалтын төлбөр гээд бас 1 бод 10 аад хонь гаргана. Өөрсдөө харин хэдийг гаргадаг байсныг мэдэхгүй юм ямар ч чиг байсан малых нь тоо олигтой өсдөггүй байсан юм. Уг нь хар ухаанаар бодоход жилд сувайгаа хасаад 140 хурга, 4 таван тугал бойжуулдаг гэж бодохоор тоо нь овоо юм гараад байдаг, өсөхгүй байсныг бодвол найрлаж, идэж уух нь хэтэрдэгээс гадна илүү дутуу мотоцикль, 69 гээд бусад хүн юу л авна дагаад л аваад байдгаас болсон боловуу. Хориод жил болсон хойно баян Балдан гуайд нэмэгдсэн юмыг харахаар гаднаа нэг хуучин портер, гэрт нь төслөөр өгсөн нарны зайгаар ажилладаг тэлвийзрээс өөр юм бараг байхгүй нөгөө л цөөн хэдэн хонь, үхэр бахь байдгаараа байж байх. Хэдэн хүүхэд чинь том болцон ажил амьдрал тусдаа ирж тусалдаггүйм гэхэд ядахдаа таниар хоолоо бэлдүүлэхээ больж болдоггүй юм уу гэхээр дуугайл тамхиа баагиулаад суух. Өвөл дөхөхөөр утас шөрмөсөөр нэхэж хоолоо бэлдүүлж авчаад бусад үед нь үзэгддэггүй хүүхдүүсээ ичдэг байсан болов уу.  

Харин Зутруу Зундуй гуайн түүх бүр сонин. Олны жишгээр хүүхэд нь хот хүрээ бараадсан ч гэсэн, тэдэн рүүгээ барагтай бол хүнс хоол явуулахгүй, хааяа нэг өөрсдөө ирвэл хонины өрөөл мах, ааруул, ээзгийнээс илүү юм хялалгайхгүйдээ харин ч нэг. Мал нэг үржихээрээ ёстой нүдэн дээр хот байтугай тал дүүрээд ирдэг юм байналээ. Хувьчилж авснаас хойш, 8 билүү 9 жилийн дараа манай сумаас анхны мянгат болдог юмдаа. Бид нар ийм олон малтай байж хэдэн хүүхэддээ олигтой хялайлгахгүй нэрэндээ таарсан амьтан гээд муулдаг байсан ч хожим, хүүхдүүд нь бизнес хийдэг хааяа мөнгө дутаад хэрэг болох үед малаа бөөнөөр нь борлуулаад мөнгө явуулдаг байсан юм байна лээ. Нэг ёсны хөрөнгө оруулагч нь байж. Нэг удаа явуулахдаа 50 хониноос дээш борлуулдаггүй гэхийг нь сонсоод хашрыг нь гэхүү харамчийг нь гэхүү гайхаж билээ. Дараа нь бүр сонин, мянгат болсон юм чинь хэзээ 2 мянгат болох бол гэсэн байдаггүйээ. Бас л асуусан чинь олон мал дагаж бие хүрэхгүй нь мянгаас давсан бүгдийг борлуулаад хэдэн хүүхдүүдийн ажил төрөлд нэмэр болог гэж өгөөд байгаа, хөөрхийс насаараа дутуу гацуу явсан юм гэж хариулдаг байгаа.

Одоо малын үнэ буугаад юмны үнэ өссөн болохоор Баян Балдан гуай нөгөө хэдэн хүүхдийх нь хэрэгцээг хангах гэж мөнгө зээлүүлсэн банкны малыг хариулаал, намаржингаа нутагтаа айрагдаж бууриа сахисан хэвээр, харин Зутруу Зундуй ах бүх малаа борлуулаад хотруу нүүж, бизнес өргөжиж мундаг баячууд болсон хүүхдүүдийхээ буянаар том байшинд амьдарч, нутгийхаа ах дүүсийг урьж дуудаж хуучны сонин хачнаа дурссан шигээ амьдран суудаг юм даа.  


Нэг сонин нь нэр хоч өөр мөртөө хоёулаа “Малын буян ихээ” гэдэг юм шүү.           

No comments:

Post a Comment