Саяхан Боловсрол ТВ ээр гарсан “Көсем” хэмээх туркийн
киног үзлээ. Эхнэртээ хань болох, бас ярих дундын нэг сэдэвтэй болох гэж
дундаас нь хамтдаа үзэж эхэлсэн хэрэг л дээ. Эхлээд баахан хатдын хов жив юм
байх гэж бодтол кино маань засгийн эрхийн төлөөх бодит тулааныг харуулсан
түүхэн үйл явдлаас сэдэвчилсэн болохоор сүүлдээ эхнэрээсээ илүү “Көсем” ийн
улаан фэн болов оо.
Сониуч зан хөдлөөд түүхийн эх сурвалжийг нь хартал
Оттоманы эзэнт гүрний түүхэнд 16-17 зууны үеийг Көрюм, Көсем, Турхан гэж гурван
хатан агуу хатдын үе гэж тэмдэглэжээ. Манайхаар бол Мандухай сэцэн хатантай
дүйхүйц улсууд байсан бололтой. Интернетээр шүүгээд үзсэн ихэнхи хаад нь нэг их
удаан төр барьдаггүй байж. Товчхондоо сэнтийн төлөөх цус урсгасан тулаан дандаа
болдог байжээ. Одоо манай Засгийн Газар ялих ялихгүй шалтгаанаар солигдоод
байгаа, Чингисийн дараах бага хаадын бие биетэйгээ байлддаг хорлодогтой төстэй юмуудаа. Тэгээд өөрөөсөө
асуулаалдаа хааны сэнтийн төлөөх тулаан яагаад ийм ширүүн байхад Оттоманы агуу
эзэнт гүрэн 1299 – 1922[1] он хүртэл бүхэл
бүтэн 6 зууны турш оршин тогтнож, бусад улсуудыг чичрүүлж байсан юм бэ гэж.
Лалын хаад олон эхнэртэй байх бөгөөд мэдээж олон хатнаас
олон хүүхэд л төрж таарна шүүдээ. Охин төрбөл гүнж гээд явах бөгөөд харин хүү
бол хаан болох нэр дэвшигчээр төрөнгүүтээ албан ёсоор бүртгэгдэнэ. Хаан нас
бармагц хамгийн түрүүнд ахмад хүү дараагийн хаанаар тодрох ба цаг үе нь тэр
болоод ч тэрүү ихэнхдээ эцэг нэгт эрэгтэй дүү нараа сэнтийд залармагцаа зүгээр
алж орхидог, өөрсдөө ч нэг их урт насалдаггүй байж. Мехмед III гэж нэг нөхөр
хаан болмогцоо өөрийн 19 дүүг цааш нь харуулсан байх жишээний[2] Өөрийг нь алахаас л урьтаж байгаа хэрэг
шүүдээ. Магадгүй энэ нь ордны самуун, аймшигт өрсөлдөөний үндсэн шалтгаан
байсан байх. Хэдэн хатад үр хүүхдийхээ амийг аврахаас гадна болж өгвөл хаан
болгож өөрөө Турк Мандухай болох өрсөлдөөний тухай кино өгүүлдэг юм. Гэхдээ энэ
бол хүний түүхийн туршид төр гэж үүссэн цагаас бүх улсуудад байсан одоо ч
байгаа үзэгдэл юм. Ерөнхийдөө энэхүү тэмцлийг орчин үед улс төр гэж оноосон
нэртэй болгочоод үзээд байгаа болохоос үндсэн зарчим хэвээрээ л байгаа байгаа
гэсэн үг л дээ.
Миний хувьд ийм аймаар тэмцэлд дунд эртний Ром, Египтийн эзэнт
гүрнээс удаан хугацаанд оршин тогтносон гэдэг нь сонин байлаа. Кинонд Зульфикер,
Буль буль ага гэх мэт туслах дүрүүд гардаг. Манайхаар бол төрийн нарийн бичиг,
газар, хэлтсийн дарга бүр тодруулбал мэргэшсэн төрийн албан хаагчид буюу ТАХ
анзааны улсууд юмуу даа. Бас шашны суурьтай, голдуу нэр хүнд бүхий улсуудаас
бүрдсэн Зөвлөл гэж юм байсан байна. Манайхаар бол Дээд шүүх хавьцаа гэж
ойлгосон. Киноноос ойлгосноор бол шашинд тулгуурласан шүүхийн тогтолцоо
болон итгэл үнэмшил дээр тулгуурласан зарчимдаа үнэнч тухайн үеийн төрийн албан
хаагчид Оттоманы эзэнт гүрэнг удаан оршин тогтнох үндэс суурь байжээ. Товчхондоо хаадын ухаалаг бодлого биш шашинд тулгуурласан хүчирхэг төрийн бүтэц энэ
улсыг 600 гаруй жил оршин тогтнох нөхцлийг хангаж өгчээ. Харин хаан бол зөвхөн шийдвэрийг эцэслэн баталгаажуулагч л байсан байна.
Монголд ТАХ гэж нэрлэсэн бүх төрлийн бичиг цаас хөтлөх,
хадгалах, дамжуулах, шийдвэр гаргалтад шаардлагатай тоо баримт цуглуулах гэх
мэт бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй ажиллагсад зөвхөн төрд бус компаниудад ч
байдаг. Захиргааны ажилчид гэж нэрлэгддэг эдгээр хүмүүсийн нэршлийг олон улсад
цагаан захтан (white
collar) эсвэл клерк (clerk)[3] гэдэг. Бодлого
гаргах, бодлого хэрэгжүүлэх ажлын хамаг хар бор ажлыг хийдэг энэхүү сүлжээ
хамгийн олон хүнийг хамардаг бөгөөд зөвхөн АНУ-д гэхэд 2014 онд 3,1 сая хүн
уг ажлыг эрхэлдэг байв. Ийм төрлийн улсууд ямар нэгэн өөрчлөлтөд маш бага
өртдөг бөгөөд аливаа ажлыг удирдан зохион байгуулахыг эдгээр улсуудгүйгээр
төсөөлөх боломжгүй. Хэн нэгэн бичих, хадгалах, бусад хүмүүстэй нэг бүрчлэн
харилцах, жижиг ажлуудыг гүйцэтгэх болон гүйцэтгэлийг хянах бол нэг хүний
хийдэг ажил биш болохоор л тэр юм.
Тэгвэл Монголын нөхцөлд энэхүү клеркүүд бий юу? Ойролцоогоор 23
мянга[4]
орчим хүн ийм төрлийн ажил эрхэлдэг бололтой. Нийт хөдөлмөр эрхэлж буй 1,13 сая
хүний[5] 2%
орчмыг эзэлж байна гэсэн үг. Дээр өгүүлснээс ганц ялгаатай нь Монголд буй энэ давхарга маань ямар нэгэн зарчим буюу
дүрэмд баригдахгүй зөвхөн салбар салбартаа яам, агентлаг, төрийн болон төрийн
бус компаниудын оролцоотой ашиг сонирхолын сүлжээ үүсгээд, хэн хаана юу хийж
байгааг сайн мэддэг, бүх бичиг баримт хамаг зүйлийг хянадаг, боловсруулдаг,
ганц үг өгүүлбэр ямар давуу тал үүсгэдгийг мэддэг болохоор намуудыг ээлжилж сонгоод сонгоод үр дүн гарахгүй байгаагийн
үндсэн шалтгаан байж ч магадгүй юм.
Хаанаасаа хаалгач нь гэдэг үгийг ягштал мөрдлөг болгосон энэхүү сүлжээг устгах гэдэг өөртэйгөө байлдахтай бараг ялгаагүй тул төрийн зүгээс нэгдмэл удирдлагад оруулах, ухаалаг буюу чиг үүргийн давхардлыг арилгах, сүлжээний оролцогсод хоорондоо шууд харилцаа үүсгэхээс хамгаалах буюу цахим орчныг бүрдүүлэх, бүртгэлжүүлэх зэрэг асуудлыг шийдэхгүйгээр улс орон хөгжих тухай бодоод ч хэрэггүй юм.
No comments:
Post a Comment