.
Манайх долоон буудлын айл. Хөрш
хашаанд Төрбат гуайнх байдаг. Эхнэр нь Түмэн гээд жигтэйхэн цайлган эгч байх.
Юу ч үгүй мөртөө хүн ороод ирэхээр байгаагаа гаргаад дайлах гэнэ. Гурван сайхан
хүүтэй. Том ах Эрдэст нь надаас нилээд хэд ах, харин дараагийн хоёр хүү Оюут,
Ухаат хоёр бараг миний үе. Эрдэст нь жигтэйхэн ажилсаг мөртөө, хүний юу гэнэв
За л гэнэ. Аавын үгнээс гарахгүй. Харин ээжтэйгээ жоохон тоомжиргүй хандах
маягтай. Оюут нь нилээд зальтай байрын өөрийгөө борлуулаад явчдаг ах байсан.
Гэхдээ хүнд юм өгөх тун дургүй, өгснөө буцааж авах мөртөө заавал араас нь
өөрийгөө магтдаг хачин зантай. Ухаат ажилсаг, мөртөө ээжийгээ дуурайсан юмуу байгаагаа хүнд өгчөөд өөрөө хоосон явж байх. Гэхдээ тэр гурав ямар ч
байсан сурлага сайтай, ажилсаг, сургууль хамт олондоо нэр хүндтэй байсан нь
үнэн юмдаг.
Төрбат гуай хаана ч билээ нэг бараа
баазад бэлтгэн нийлүүлэгч билүү тоо бүртгэгч хийдэг харин Түмэн гуай гэртээ
хүүхдүүдээ хараад сууна. Цалин багатай, гурван эрэгтэй хүүхэдтэй, эхнэр гэртээ
суудаг болохоор Төрбат гуайх нилээд зутруухан амьдардаг байлаа. Голдуул мах
гурил, хүүхдүүд нь харин амттан шимттэний бараа ховорхон харна. Харин Түмэн эгч
2 ахтай, тэд нар овоо бийлэгжүү юм болохоороо хааяа гэр орны бүрээс, түлээ түлш
гээд томоохон юман дээр байнга тусалдаг гэж эмээ ярьж байсныг санаж байна.
Гэхдээ юм дандаа нэгээрээ байх биш гурван хүүхэд нь томрохын хирээр тэдний
амьдрал нилээд сайжирч эхлэв. 3 хүү нь эхлээд ачаа даахтайгаа болмогц зуныхаа амралтаар аавыхаа ажлын газар
ачигч хийнэ, өвөл станцын хаягдал
нүүрсийг савалж зарна, айлын мод хөрөөдөж хурааж өгнө гээд аавдаа их л тусалдаг
байв. Нэг хүн биш 4 хүн зэрэг хөдлөхөөр айл гэрийн амьдрал сайжралгүй яахавдээ.
Сониноос амьдрал сайжраад ирмэгц
Түмэн эгч хүн нэмбэл хүнс нэмэгддэг юмаа гээд дахиад нилээд ойрхон 4 хүүхэд
төрүүлчдэг байгаа. Тэд нар оройтож төрсөн, ах нартай болохоороо нилээд
дураараа, айхтар ховч, залхуу, эрх нөхдүүд л болж өссөндөө. Гурван хүү нь
сургуулиа төгсөөд ажилд орж, өөрсдийн бизнестэй болоод ирэхээр Төрбат ах, Түмэн
эгч хоёрын зан жигтэйхэн өөрчлөгдөж, ийм хүмүүс байсан юмуу гэмээр болж ирэв.
Угаасаа өлөн зэлмүүн байсан болоод тэрүү үрэлгэн гэж жигтэйхэн. Ямар ч хэрэггүй
гэмээр юмыг хашаандаа овоолоод байх. Тэрнийгээ зүгээр ч авчихгүй дандаа зээлээр
авна. Нөгөө зээлийг нь дуулгавартай гурван хүү дандаа төлнөдөө.
Дээр нь гурван хүүгээ тусад нь гаргаж, бие даалгахын
оронд хажуунаасаа салгах жигтэйхэн дургүй. Лав миний мэдэхийн Эрдэст Ухаат 2
хоёр билүү гурван удаа нилээд аятайхан хүүхэн гэртээ авчираад Төрбат ахын
аашийг дийлэлгүй буцсан юмдаг. Оюут харин нэг хүүхэнтэй суусан. Гэхдээл гурвын гурван эрийн цээнд хүрсэн эр
хүн хөдөлж байсан болохоор амьдрал нь улам дэгжиж, ажилсаг гурван хүү ч улам
мөнгө олж байлаа. Харин Төрбат ахын ааш өдөр ирэх тусам хувирч, би та нарыг
өсгөсөн хүмүүжүүлсэн, зовсон гэж мөн ч их зовоодогсон. Байнга л ийм ч юм авна,
машинаа солино, бүх хүүхдүүд ач гучтайгаа амьдарсанч багтахаар том байшин
барина хэмээн аашлаж, нөгөө муу гурвын олсон болгоныг хамж авна. Дөрвөн эрх дүү
бол бас зүгээр байлгахгүй шүү дээ байнга хармааны мөнгө гуйна илүү дутуу юм
авахуулна. Хэрэв өгөхгүй бол аавдаа ховлоно. Бөөн дайн болдогсон. Түмэн эгч
хааяа чи энэ гурван хүүхдээ битгий ингээчдээ, наадуулыгаа зөнд явуул гэхээр би
мэдэж байна, би та нарын төлөө ясаа цайтал зүтгэсэн л гэнэ.
Юм нэгээрээ
байдаггүй гэж түрүүн хэлснээр тэднийх тэр хавьдаа байхгүй том байшин барьж,
хавь ойрын хүмүүсийг гайхуулахаар барахгүй нөгөө гэр бүлээрээ бөөнөөрөө амьдрах асуудал аав нь санаачилснаар тэдний амьдрал орвонгоороо эргэвээ.
Төрбат гуай өөрийн, эхнэрийн
тэтгэвэр, гурван хүүгийхээ орлогыг барьцаалж 100 сая төгрөгийн зээл авбаа.
Байшингаа бариад эхэллээ, би энэ том байшин хашаанд багтах л юм байхдаа гэж
бодох. Нэг өдөр байшингийхаа дээврийг
хадах гэж байтал хүчтэй салхи гарч, Ухаат Эрдэст хоёр нисчдэг байгаа. Аз
болоход харин Оюут нь байшин дотроо өөр юм хийж байсан юм байналээ. Ингээд л
бүх юм буруугаараа эргэв. Нугас нуруундаа гэмтэл авсан хоёр хүүгээ эргэж
тойрох, ажилгүй хэдэн эрх хүүхдээ хооллож ундлах, хамгийн хэцүү нь банкнаас
авсан нөгөө их зээлийг эргүүлж төлөх гэдэг дааж давшгүй ачаа 2 хөгшний нуруун
дээр бууж ирвээ. Одоо хоёр хөгшин хамаг юмаа хямдхан зарах, эсвэл таньдаг хүн
амьтнаас мөнгө зээлэх зэргээр хоног өдрөө хэцүүхэн л өнгөрөөж байгаа харагддаг.
Оюут хүү нь харин ийм үед өөрийгөө бодоод тусдаа гарсаныг би зөв буруу гэж хэлж
мэдэхгүй юм харин эмнэлэгт байгаа 2 залууг эдгээд амьдрал нь хэвэндээ ороосой,
хэрэв аав ээжээсээ бие даагаад тусдаа байсан бол энэ айлын амьдрал ингээчүү
үгүй ч үү гэж
боддогдоо...................
Дээр бичсэнээс Түмэнгийн 2 ахыг
манай 2 хөрш, хүүхдүүдийн тусад орсныг 90 ээд он, насанд хүрсэнийг уул уурхай цэцэглэж байх үе, дүү нарын
хов жив, аавых нь зан авирыг улс төр, 100 сая төгрөгийг утга учиргүй зээлсэн
бондын өр гэж ойлговол яагаад бид өнөөдөр ийм байдалд хүрснээ жоохон ч болтугай
ухаарах болов уу гэсэн үүднээс энэхүү нийтлэлийг бичлээ.
interesting
ReplyDelete