Wednesday, October 18, 2017

Хааны ордныхон буюу ТАХ

Саяхан Боловсрол ТВ ээр гарсан “Көсем” хэмээх туркийн киног үзлээ. Эхнэртээ хань болох, бас ярих дундын нэг сэдэвтэй болох гэж дундаас нь хамтдаа үзэж эхэлсэн хэрэг л дээ. Эхлээд баахан хатдын хов жив юм байх гэж бодтол кино маань засгийн эрхийн төлөөх бодит тулааныг харуулсан түүхэн үйл явдлаас сэдэвчилсэн болохоор сүүлдээ эхнэрээсээ илүү “Көсем” ийн улаан фэн болов оо.

Сониуч зан хөдлөөд түүхийн эх сурвалжийг нь хартал Оттоманы эзэнт гүрний түүхэнд 16-17 зууны үеийг Көрюм, Көсем, Турхан гэж гурван хатан агуу хатдын үе гэж тэмдэглэжээ. Манайхаар бол Мандухай сэцэн хатантай дүйхүйц улсууд байсан бололтой. Интернетээр шүүгээд үзсэн ихэнхи хаад нь нэг их удаан төр барьдаггүй байж. Товчхондоо сэнтийн төлөөх цус урсгасан тулаан дандаа болдог байжээ. Одоо манай Засгийн Газар ялих ялихгүй шалтгаанаар солигдоод байгаа, Чингисийн дараах бага хаадын бие биетэйгээ байлддаг хорлодогтой төстэй юмуудаа. Тэгээд өөрөөсөө асуулаалдаа хааны сэнтийн төлөөх тулаан яагаад ийм ширүүн байхад Оттоманы агуу эзэнт гүрэн 1299 – 1922[1] он хүртэл бүхэл бүтэн 6 зууны турш оршин тогтнож, бусад улсуудыг чичрүүлж байсан юм бэ гэж.

Лалын хаад олон эхнэртэй байх бөгөөд мэдээж олон хатнаас олон хүүхэд л төрж таарна шүүдээ. Охин төрбөл гүнж гээд явах бөгөөд харин хүү бол хаан болох нэр дэвшигчээр төрөнгүүтээ албан ёсоор бүртгэгдэнэ. Хаан нас бармагц хамгийн түрүүнд ахмад хүү дараагийн хаанаар тодрох ба цаг үе нь тэр болоод ч тэрүү ихэнхдээ эцэг нэгт эрэгтэй дүү нараа сэнтийд залармагцаа зүгээр алж орхидог, өөрсдөө ч нэг их урт насалдаггүй байж. Мехмед III гэж нэг нөхөр хаан болмогцоо өөрийн 19 дүүг цааш нь харуулсан байх жишээний[2]  Өөрийг нь алахаас л урьтаж байгаа хэрэг шүүдээ. Магадгүй энэ нь ордны самуун, аймшигт өрсөлдөөний үндсэн шалтгаан байсан байх. Хэдэн хатад үр хүүхдийхээ амийг аврахаас гадна болж өгвөл хаан болгож өөрөө Турк Мандухай болох өрсөлдөөний тухай кино өгүүлдэг юм. Гэхдээ энэ бол хүний түүхийн туршид төр гэж үүссэн цагаас бүх улсуудад байсан одоо ч байгаа үзэгдэл юм. Ерөнхийдөө энэхүү тэмцлийг орчин үед улс төр гэж оноосон нэртэй болгочоод үзээд байгаа болохоос үндсэн зарчим хэвээрээ л байгаа байгаа гэсэн үг л дээ.

Миний хувьд ийм аймаар тэмцэлд дунд эртний Ром, Египтийн эзэнт гүрнээс удаан хугацаанд оршин тогтносон гэдэг нь сонин байлаа. Кинонд Зульфикер, Буль буль ага гэх мэт туслах дүрүүд гардаг. Манайхаар бол төрийн нарийн бичиг, газар, хэлтсийн дарга бүр тодруулбал мэргэшсэн төрийн албан хаагчид буюу ТАХ анзааны улсууд юмуу даа. Бас шашны суурьтай, голдуу нэр хүнд бүхий улсуудаас бүрдсэн Зөвлөл гэж юм байсан байна. Манайхаар бол Дээд шүүх хавьцаа гэж ойлгосон. Киноноос ойлгосноор бол шашинд тулгуурласан шүүхийн тогтолцоо болон итгэл үнэмшил дээр тулгуурласан зарчимдаа үнэнч тухайн үеийн төрийн албан хаагчид Оттоманы эзэнт гүрэнг удаан оршин тогтнох үндэс суурь байжээ. Товчхондоо хаадын ухаалаг бодлого биш шашинд тулгуурласан хүчирхэг төрийн бүтэц энэ улсыг 600 гаруй жил оршин тогтнох нөхцлийг хангаж өгчээ. Харин хаан бол зөвхөн шийдвэрийг эцэслэн баталгаажуулагч л байсан байна. 

Монголд ТАХ гэж нэрлэсэн бүх төрлийн бичиг цаас хөтлөх, хадгалах, дамжуулах, шийдвэр гаргалтад шаардлагатай тоо баримт цуглуулах гэх мэт бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй ажиллагсад зөвхөн төрд бус компаниудад ч байдаг. Захиргааны ажилчид гэж нэрлэгддэг эдгээр хүмүүсийн нэршлийг олон улсад цагаан захтан (white collar) эсвэл клерк (clerk)[3] гэдэг. Бодлого гаргах, бодлого хэрэгжүүлэх ажлын хамаг хар бор ажлыг хийдэг энэхүү сүлжээ хамгийн олон хүнийг хамардаг бөгөөд зөвхөн АНУ-д гэхэд 2014 онд 3,1 сая хүн уг ажлыг эрхэлдэг байв. Ийм төрлийн улсууд ямар нэгэн өөрчлөлтөд маш бага өртдөг бөгөөд аливаа ажлыг удирдан зохион байгуулахыг эдгээр улсуудгүйгээр төсөөлөх боломжгүй. Хэн нэгэн бичих, хадгалах, бусад хүмүүстэй нэг бүрчлэн харилцах, жижиг ажлуудыг гүйцэтгэх болон гүйцэтгэлийг хянах бол нэг хүний хийдэг ажил биш болохоор л тэр юм.

Тэгвэл Монголын нөхцөлд энэхүү клеркүүд бий юу? Ойролцоогоор 23 мянга[4] орчим хүн ийм төрлийн ажил эрхэлдэг бололтой. Нийт хөдөлмөр эрхэлж буй 1,13 сая хүний[5] 2% орчмыг эзэлж байна гэсэн үг. Дээр өгүүлснээс ганц ялгаатай нь Монголд буй энэ давхарга маань ямар нэгэн зарчим буюу дүрэмд баригдахгүй зөвхөн салбар салбартаа яам, агентлаг, төрийн болон төрийн бус компаниудын оролцоотой ашиг сонирхолын сүлжээ үүсгээд, хэн хаана юу хийж байгааг сайн мэддэг, бүх бичиг баримт хамаг зүйлийг хянадаг, боловсруулдаг, ганц үг өгүүлбэр ямар давуу тал үүсгэдгийг мэддэг болохоор намуудыг ээлжилж сонгоод сонгоод үр дүн гарахгүй  байгаагийн үндсэн шалтгаан байж ч магадгүй юм. 

Хаанаасаа хаалгач нь гэдэг үгийг ягштал мөрдлөг болгосон энэхүү сүлжээг устгах гэдэг өөртэйгөө байлдахтай бараг ялгаагүй тул төрийн зүгээс нэгдмэл удирдлагад оруулах, ухаалаг буюу чиг үүргийн давхардлыг арилгах, сүлжээний оролцогсод хоорондоо шууд харилцаа үүсгэхээс хамгаалах буюу цахим орчныг бүрдүүлэх, бүртгэлжүүлэх зэрэг асуудлыг шийдэхгүйгээр улс орон хөгжих тухай бодоод ч хэрэггүй юм.     


   



[1] https://en.wikipedia.org/wiki/Ottoman_Empire
[2] https://en.wikipedia.org/wiki/Mehmed_III
[3] https://en.wikipedia.org/wiki/Clerk
[4] https://www.slideshare.net/UnuruuDear/ss-56109162
[5] http://www.nso.mn/content/1347#.WehEVWiCy00

Wednesday, October 11, 2017

Улс гэдэг нэг л том айл юм - 2

Дундговийн дунд хавиар нутагладаг манайх гэдэг айл 2 айлтай бараг мөнхийн гэмээр саахалт буудаг байлаа. Хэдий хариулж буй малын ихэнхи нь хувьсгалынх, хувийнх цөөн ч гэсэн хаврын хахир цагаас бусад үед өвөл зунгүй нойтон мах идэж, намар наргиж цэнгэсэн, хавь ойрыхныг гэртээ урьсан дуудсан айл бол баян Балдан гуайнх, харин олон хүүхэдтэй болоод ч тэрүү угийн дуу цөөтэй болоод ч тэрүү хүн амьтантай нэг их нийлж дарвиад байдаггүй зожигдуу нөгөө нэг хөрш Зундуй гуайг нутгыхан Зутруу гэж хочлоно. Нэг их ялгараад байх хөрөнгө мал хунаргүй хоёрын хоч энэ зангаас нь болсон ч байж магадгүй гэж сүүлд бодогдож билээ. Хожим сонсохнээ баян Балдан гуай нэгдлийн тоо бүртгэгчтэй ураг садны холбоотой тэрүүнтэйгээ хуйвалдаж хувийн малынхаа тоог дардаг, мах, сүү ноосны даалгавраа нэмүүлж бичүүлдэг л байсан юм байналээл дээ. Сонин шүү хүүхдүүд нь хүртэл эцэг эхийгээ яг дуурайгаад Балдан гуайн хэд нилээд үрэлгэн, цайлган, баярхуу болж өссөн бол Зундуй ахын хүүхдүүд дув дуугай, тэрүүхэн тэндээ өөрсдийгөө борлуулаад байдаг болцон байсан юмдаг.

За тэр ч яахав ярих гэж байгаа түүх маань мал хувьчилсан 90 ээд оноос хойшхи явдал юм. Хувьчилж авсан хэдийгээ яаж үрж цацах нь өөрсдийн дур болсон хойно зүгээр авсан малаа яасан ийсэн тухай манай нутагаар янз бүрийн л яриа сонсогдсон, харин манай хоёр хөршид тохиолдсон явдал нүдэн дээр болсон тул л яриад байгаа юм шүүдээ. Балдан гуай 200 орчим хонь голдуу бог, 5 билүү 6 үхэр хэдэн адуу нийлсэн арваад бог хувьчилж авсан юм. Нэгдлийн малыг тэнцүүхэн хувааж авсан болохоор, бүгд л хүүхдийн тоо ойролцоо тул ам бүлд нь хуваахаар бүгд л тэр анзааны малтай болсон санагдаад байна. 4 хүүхэд нь хотод амьдардаг, сургуульд сурдаг болохоор өвөл бүр тэднийхээ идшийг бэлтгэнэ. Хүний тоогоор 1 үхэр, 4 хонь ёс юмшиг явуулна. Бас хүүхдийн сургалтын төлбөр гээд бас 1 бод 10 аад хонь гаргана. Өөрсдөө харин хэдийг гаргадаг байсныг мэдэхгүй юм ямар ч чиг байсан малых нь тоо олигтой өсдөггүй байсан юм. Уг нь хар ухаанаар бодоход жилд сувайгаа хасаад 140 хурга, 4 таван тугал бойжуулдаг гэж бодохоор тоо нь овоо юм гараад байдаг, өсөхгүй байсныг бодвол найрлаж, идэж уух нь хэтэрдэгээс гадна илүү дутуу мотоцикль, 69 гээд бусад хүн юу л авна дагаад л аваад байдгаас болсон боловуу. Хориод жил болсон хойно баян Балдан гуайд нэмэгдсэн юмыг харахаар гаднаа нэг хуучин портер, гэрт нь төслөөр өгсөн нарны зайгаар ажилладаг тэлвийзрээс өөр юм бараг байхгүй нөгөө л цөөн хэдэн хонь, үхэр бахь байдгаараа байж байх. Хэдэн хүүхэд чинь том болцон ажил амьдрал тусдаа ирж тусалдаггүйм гэхэд ядахдаа таниар хоолоо бэлдүүлэхээ больж болдоггүй юм уу гэхээр дуугайл тамхиа баагиулаад суух. Өвөл дөхөхөөр утас шөрмөсөөр нэхэж хоолоо бэлдүүлж авчаад бусад үед нь үзэгддэггүй хүүхдүүсээ ичдэг байсан болов уу.  

Харин Зутруу Зундуй гуайн түүх бүр сонин. Олны жишгээр хүүхэд нь хот хүрээ бараадсан ч гэсэн, тэдэн рүүгээ барагтай бол хүнс хоол явуулахгүй, хааяа нэг өөрсдөө ирвэл хонины өрөөл мах, ааруул, ээзгийнээс илүү юм хялалгайхгүйдээ харин ч нэг. Мал нэг үржихээрээ ёстой нүдэн дээр хот байтугай тал дүүрээд ирдэг юм байналээ. Хувьчилж авснаас хойш, 8 билүү 9 жилийн дараа манай сумаас анхны мянгат болдог юмдаа. Бид нар ийм олон малтай байж хэдэн хүүхэддээ олигтой хялайлгахгүй нэрэндээ таарсан амьтан гээд муулдаг байсан ч хожим, хүүхдүүд нь бизнес хийдэг хааяа мөнгө дутаад хэрэг болох үед малаа бөөнөөр нь борлуулаад мөнгө явуулдаг байсан юм байна лээ. Нэг ёсны хөрөнгө оруулагч нь байж. Нэг удаа явуулахдаа 50 хониноос дээш борлуулдаггүй гэхийг нь сонсоод хашрыг нь гэхүү харамчийг нь гэхүү гайхаж билээ. Дараа нь бүр сонин, мянгат болсон юм чинь хэзээ 2 мянгат болох бол гэсэн байдаггүйээ. Бас л асуусан чинь олон мал дагаж бие хүрэхгүй нь мянгаас давсан бүгдийг борлуулаад хэдэн хүүхдүүдийн ажил төрөлд нэмэр болог гэж өгөөд байгаа, хөөрхийс насаараа дутуу гацуу явсан юм гэж хариулдаг байгаа.

Одоо малын үнэ буугаад юмны үнэ өссөн болохоор Баян Балдан гуай нөгөө хэдэн хүүхдийх нь хэрэгцээг хангах гэж мөнгө зээлүүлсэн банкны малыг хариулаал, намаржингаа нутагтаа айрагдаж бууриа сахисан хэвээр, харин Зутруу Зундуй ах бүх малаа борлуулаад хотруу нүүж, бизнес өргөжиж мундаг баячууд болсон хүүхдүүдийхээ буянаар том байшинд амьдарч, нутгийхаа ах дүүсийг урьж дуудаж хуучны сонин хачнаа дурссан шигээ амьдран суудаг юм даа.  


Нэг сонин нь нэр хоч өөр мөртөө хоёулаа “Малын буян ихээ” гэдэг юм шүү.           

Tuesday, October 10, 2017

Улс гэдэг нэг том айл л юм

.
Манайх долоон буудлын айл. Хөрш хашаанд Төрбат гуайнх байдаг. Эхнэр нь Түмэн гээд жигтэйхэн цайлган эгч байх. Юу ч үгүй мөртөө хүн ороод ирэхээр байгаагаа гаргаад дайлах гэнэ. Гурван сайхан хүүтэй. Том ах Эрдэст нь надаас нилээд хэд ах, харин дараагийн хоёр хүү Оюут, Ухаат хоёр бараг миний үе. Эрдэст нь жигтэйхэн ажилсаг мөртөө, хүний юу гэнэв За л гэнэ. Аавын үгнээс гарахгүй. Харин ээжтэйгээ жоохон тоомжиргүй хандах маягтай. Оюут нь нилээд зальтай байрын өөрийгөө борлуулаад явчдаг ах байсан. Гэхдээ хүнд юм өгөх тун дургүй, өгснөө буцааж авах мөртөө заавал араас нь өөрийгөө магтдаг хачин зантай. Ухаат ажилсаг, мөртөө ээжийгээ дуурайсан юмуу байгаагаа хүнд өгчөөд өөрөө хоосон явж байх. Гэхдээ тэр гурав ямар ч байсан сурлага сайтай, ажилсаг, сургууль хамт олондоо нэр хүндтэй байсан нь үнэн юмдаг.

Төрбат гуай хаана ч билээ нэг бараа баазад бэлтгэн нийлүүлэгч билүү тоо бүртгэгч хийдэг харин Түмэн гуай гэртээ хүүхдүүдээ хараад сууна. Цалин багатай, гурван эрэгтэй хүүхэдтэй, эхнэр гэртээ суудаг болохоор Төрбат гуайх нилээд зутруухан амьдардаг байлаа. Голдуул мах гурил, хүүхдүүд нь харин амттан шимттэний бараа ховорхон харна. Харин Түмэн эгч 2 ахтай, тэд нар овоо бийлэгжүү юм болохоороо хааяа гэр орны бүрээс, түлээ түлш гээд томоохон юман дээр байнга тусалдаг гэж эмээ ярьж байсныг санаж байна. Гэхдээ юм дандаа нэгээрээ байх биш гурван хүүхэд нь томрохын хирээр тэдний амьдрал нилээд сайжирч эхлэв. 3 хүү нь эхлээд ачаа даахтайгаа  болмогц зуныхаа амралтаар аавыхаа ажлын газар ачигч хийнэ,  өвөл станцын хаягдал нүүрсийг савалж зарна, айлын мод хөрөөдөж хурааж өгнө гээд аавдаа их л тусалдаг байв. Нэг хүн биш 4 хүн зэрэг хөдлөхөөр айл гэрийн амьдрал сайжралгүй яахавдээ.

Сониноос амьдрал сайжраад ирмэгц Түмэн эгч хүн нэмбэл хүнс нэмэгддэг юмаа гээд дахиад нилээд ойрхон 4 хүүхэд төрүүлчдэг байгаа. Тэд нар оройтож төрсөн, ах нартай болохоороо нилээд дураараа, айхтар ховч, залхуу, эрх нөхдүүд л болж өссөндөө. Гурван хүү нь сургуулиа төгсөөд ажилд орж, өөрсдийн бизнестэй болоод ирэхээр Төрбат ах, Түмэн эгч хоёрын зан жигтэйхэн өөрчлөгдөж, ийм хүмүүс байсан юмуу гэмээр болж ирэв. Угаасаа өлөн зэлмүүн байсан болоод тэрүү үрэлгэн гэж жигтэйхэн. Ямар ч хэрэггүй гэмээр юмыг хашаандаа овоолоод байх. Тэрнийгээ зүгээр ч авчихгүй дандаа зээлээр авна. Нөгөө зээлийг нь дуулгавартай гурван хүү дандаа төлнөдөө. 

Дээр нь гурван хүүгээ тусад нь гаргаж, бие даалгахын оронд хажуунаасаа салгах жигтэйхэн дургүй. Лав миний мэдэхийн Эрдэст Ухаат 2 хоёр билүү гурван удаа нилээд аятайхан хүүхэн гэртээ авчираад Төрбат ахын аашийг дийлэлгүй буцсан юмдаг. Оюут харин нэг хүүхэнтэй суусан.  Гэхдээл гурвын гурван эрийн цээнд хүрсэн эр хүн хөдөлж байсан болохоор амьдрал нь улам дэгжиж, ажилсаг гурван хүү ч улам мөнгө олж байлаа. Харин Төрбат ахын ааш өдөр ирэх тусам хувирч, би та нарыг өсгөсөн хүмүүжүүлсэн, зовсон гэж мөн ч их зовоодогсон. Байнга л ийм ч юм авна, машинаа солино, бүх хүүхдүүд ач гучтайгаа амьдарсанч багтахаар том байшин барина хэмээн аашлаж, нөгөө муу гурвын олсон болгоныг хамж авна. Дөрвөн эрх дүү бол бас зүгээр байлгахгүй шүү дээ байнга хармааны мөнгө гуйна илүү дутуу юм авахуулна. Хэрэв өгөхгүй бол аавдаа ховлоно. Бөөн дайн болдогсон. Түмэн эгч хааяа чи энэ гурван хүүхдээ битгий ингээчдээ, наадуулыгаа зөнд явуул гэхээр би мэдэж байна, би та нарын төлөө ясаа цайтал зүтгэсэн л гэнэ. 

Юм нэгээрээ байдаггүй гэж түрүүн хэлснээр тэднийх тэр хавьдаа байхгүй том байшин барьж, хавь ойрын хүмүүсийг гайхуулахаар барахгүй нөгөө гэр бүлээрээ бөөнөөрөө амьдрах асуудал аав нь санаачилснаар тэдний амьдрал орвонгоороо эргэвээ.

Төрбат гуай өөрийн, эхнэрийн тэтгэвэр, гурван хүүгийхээ орлогыг барьцаалж 100 сая төгрөгийн зээл авбаа. Байшингаа бариад эхэллээ, би энэ том байшин хашаанд багтах л юм байхдаа гэж бодох.  Нэг өдөр байшингийхаа дээврийг хадах гэж байтал хүчтэй салхи гарч, Ухаат Эрдэст хоёр нисчдэг байгаа. Аз болоход харин Оюут нь байшин дотроо өөр юм хийж байсан юм байналээ. Ингээд л бүх юм буруугаараа эргэв. Нугас нуруундаа гэмтэл авсан хоёр хүүгээ эргэж тойрох, ажилгүй хэдэн эрх хүүхдээ хооллож ундлах, хамгийн хэцүү нь банкнаас авсан нөгөө их зээлийг эргүүлж төлөх гэдэг дааж давшгүй ачаа 2 хөгшний нуруун дээр бууж ирвээ. Одоо хоёр хөгшин хамаг юмаа хямдхан зарах, эсвэл таньдаг хүн амьтнаас мөнгө зээлэх зэргээр хоног өдрөө хэцүүхэн л өнгөрөөж байгаа харагддаг. Оюут хүү нь харин ийм үед өөрийгөө бодоод тусдаа гарсаныг би зөв буруу гэж хэлж мэдэхгүй юм харин эмнэлэгт байгаа 2 залууг эдгээд амьдрал нь хэвэндээ ороосой, хэрэв аав ээжээсээ бие даагаад тусдаа байсан бол энэ айлын амьдрал ингээчүү үгүй ч үү  гэж боддогдоо...................

Дээр бичсэнээс Түмэнгийн 2 ахыг манай 2 хөрш,  хүүхдүүдийн тусад орсныг 90 ээд он, насанд хүрсэнийг уул уурхай цэцэглэж байх үе, дүү нарын хов жив, аавых нь зан авирыг улс төр, 100 сая төгрөгийг утга учиргүй зээлсэн бондын өр гэж ойлговол яагаад бид өнөөдөр ийм байдалд хүрснээ жоохон ч болтугай ухаарах болов уу гэсэн үүднээс энэхүү нийтлэлийг бичлээ.